Оросын Ерөнхийлөгчийн 2018 оны сонгуулийг ажигласан минь
Оросын Холбооны Зөвлөлийн урилгаар 3-р сарын 18-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд олон улсын ажиглагчаар оролцов. Сонгуулийн үр дүн: Ерөнхийлөгч, Нэгдсэн Орос намын нэр дэвшигч В.В.Путин 77 хувийн санал авч дахин сонгогдов. Оросын Коммунист намын нэр дэвшигч, “гүзээлзгэний” саятан-коммунист П.Грудинин удаалж 11, Либерал Ардчилсан намын В.Жириновский 5.7, Иргэний санаачилга хөдөлгөөний Ксения Собчак 1.7, Яблоко намын Г.Явлинский 1 хувиар, бусад гурван нэр дэвшигч нь нэг хувьд ч хүрсэнгүй. Путин ялна гэдэгт хэн ч эргэлзэхгүй байлаа.
Дэлхийн хамгийн том газар нутагтай, 11 цагийн бүсийг дамнан орших, хэзээ ч шөнө болдоггүй аугаа том Орос орон даяар сонгуулийн ирц 68 хувьтай байлаа. Сонгуульд оролцсон 73 сая сонгогчоос 56 нь ноён Путинд саналаа өгчээ. Найман өрсөлдөгчөөс нэг нь ганцаараа бараг 80 хувийг нь авсан учир энэ сонгууль үнэхээр онцлог ажээ. Монгол шиг ерөнхийлөгчийн сонгуулиа хоёр шаттай явуулах шаардлага Орост л лав гарсангүй.
Нийт 115 орноос 1,500-аад ажиглагч хүрэлцэн ирж орон даяар сонгуулийн явцтай танилцав. Миний хувьд Санкт-Петербург хотын төв, захын сонгуулийн найман тойргоор явлаа. Тойрог дээр очоод бүртгүүлж, даргатай нь уулзаж ярилцаад, зураг авч, зориулалтын ширээнээс сонгуулийн явцыг ажиглаж байлаа. Монголын сонгуультай яг адилхан, дунд сургуулийн байшинд байрлах тойргууд дээр, сонгогч нь оршин суугаа хаягаараа дахиж бүртгүүлээд саналын хуудас авч, битүү хөшигний цаана бөглөөд, санал хураах хайрцагт хийж байлаа. Тойрог дунджаар хоёр мянган сонгогчтой, зарим нь саналын хуудас тоолдог машинтай, байхгүй нь санал цуглуулдаг лацтай, тунгалаг хайрцагтай байлаа. Санал хураах, тоолох ажил видео камерын хяналтанд явагдав. Зарим тойргийн сонгуулийн байранд дотор нь үнэгүй цай, жигнэмэг өгч, гадаа нь эх оронч дуу, хөгжим хангинаж байлаа. Сонгуульд анх удаагаа оролцож буй залууст гарын бэлэг өгч, жишээ нь манай орчуулагч оюутан T-майкаар шагнуулав.
Сонгуулийн тухай ялгаатай дүгнэлтүүд
Ноён Путины үнэмлэхүй ялалтыг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр (ХМХ) Орос улс хүчтэй болж байна. Путиныг Оросын иргэд улам их дэмжиж байна. Барууны хориг, ялангуяа сонгуулийн өмнөхөн Английн Салсбери хотод Оросын тагнуул асанг, охиных нь хамт хордуулсан хэрэгт Путинг шууд буруутгаж, Оросын 23 дипломатыг Лондонгоос хөөсөн зэрэг нь энэхүү үнэмлэхүй үр дүн гарахад харин ч тус дөхөм боллоо гэж тэд дүгнэж байлаа. Оросын соёл, урлаг, шинжлэх ухааны академи, нийгмийн алдартай хүмүүс олноороо ихэнх иргэдийн адилаар Путин шиг манлайлагч, дэлхийн түвшний удирдагч одоо байхгүй гэж түүнийг магтан дэмжиж байлаа.
Харин барууны ХМХ-үүд тэс өөр дүгнэлт хийж байлаа. Ажилчиддаа албан газраас нь сонгуульд оролцохыг даалгасан учир сонгогчдын ирц өндөр боллоо гэж Ройтерс агентлаг цахим ТВ-ээрээ мэдэгдэв. Путинд хоёр л жинхэнэ өрсөлдөгч байсны нэг нь алагдсан [Б.Немцов], нөгөөхийг [Навальный] нь сонгуульд өрсөлдөхийг нь хорьсон гэж BBC хэлэв. The Washington Post сонинд Путин 1999 оноос хойш ерөнхий сайд, ерөнхийлөгчөөр ээлжлэн 19 жил ажиллаж Брежневээс урт хугацаагаар төрийн эрх барьлаа. Одоо нэмж 6 жилийн эрх авснаар Сталины [30 жил] дараа хамгийн урт хугацаанд Оросын түүхэнд төрийн эрх барьсан хүн болно гэжээ. The Economist сэтгүүл Октябрын хувьсгалаас хойш зуун жилийн дараа Орост шинэ царь Владимир “мэндэлж” байна гэж бичсэн.
3-р сарын 15-нд Оросын газрын тосны олигарх асан, олон жил шоронд хоригдоод гарсан М.Ходорковский BBC-д ярилцлага өгчээ. Тэрээр бидний судалгаагаар Орос орныг өнөөдөр Кремльд шингэсэн зуу хүрэхгүй элит Путинаар дамжуулан удирдаж байна. Путин дахин сонгогдохоос өөр гарцгүй, залгамжлагч тодруулаад ч нэмэргүй гэж хэлэв.
Сонгуулийн өмнөх өдөр Англи, Франц, Герман, АНУ-ын засгийн газрууд Оросыг дэлхийн 2-р дайнаас хойш хоригдсон, химийн хор [“новичок”] хэрэглэснийг эрс буруутгаж хамтарсан мэдэгдэл гаргав. НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг Салсберийн хэргийн жинхэнэ эзэн нь Оросын төр гэлээ. Ерөнхийлөгч Путин дээрх мэдэгдлүүдийг ямар ч үндэслэлгүй, баталгаагүй гэв. Том орнууд, тоо баримттай л мэдэгдэл хийдэг байх даа. Цаг хугацаа яг юу болсныг харуулна даа. Аль нь буруу, аль нь зөв болохыг мань мэт дүгнэхгүй нь мэдээж. Юуг нүдээрээ харж, чихээрээ сонссоноо л та бүхэндээ хүргэж байна.
Монголын гадаад орчин
Энэ оны энэ сараас эхлээд монголчууд de-jure улс төр, эдийн засгийн онцгой гадаад орчинд амьдарч эхэллээ. Хойд, урд хөршүүд маань удирдагчаа хориод жилээр ажиллуулах болсноо хууль ёсны болгов. Баруун талд бараг гучин жил ганц хүн удирдсан өөр нэг хөрш байгаа. Хөршүүдийн төр засаг нэг хүнээс хамаардаг, бас тогтвортой байна гэсэн үг. Гэтэл монголын төр засгийн дундаж нас хоёр жил болчихоод байгаа. Ойрын ирээдүйд урт болчихгүй л байх. Монголын төр засгийн удирдлага нь биш юм бол ядаж бодлого нь тогтвортой байхыг шинэ цаг үе шаардаж байна.
Хойд, урд хоёр хөрш бол супер гүрнүүд. Одоо тэд хамтраад нөгөө нэг супер гүрэн АНУ-тай өрсөлдөх чиглэл барьж эхэллээ. Нэг инээдтэй үг байдаг даа: “Дэлхийн хамгийн хараат бус улс аль вэ? Монгол. Яагаад? Яагаад гэвэл монголоос ямар ч улс хамаардаггүй юм”. Инээдтэй ч гэсэн энэ зарчмаа барих хэрэгтэй боллоо.
Хувь хүний эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх, ардчилсан төр засаг гэдэг бол манай үнэт зүйл нэгэнт болсон учир бид үнэт зүйлээ хамгаалж, хөгжүүлээд л явахаас өөр сонголтгүй юм. Том гүрнүүдэд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй, мөрөөрөө л явахаас өөр сонголтгүй болов. Том гүрнүүдийн хэрэгт хэзээ ч оролцохгүй, бүгдтэй нь сунгасан гарын зайнд адилхан харьцаж, тэдний эвсэл холбоонд нэгдэхгүй байна гэсэн үг. Швейцарь улс 800 жил тэгж амьдраад дэлхийн хамгийн баян улс болчихсон байна шүү дээ.
Крымийг булааж авлаа гээд барууныхан Орост худалдаа, бизнесийн хориг тавьсан нь Оросын хөдөө аж ахуйн дотоодын үйлдвэрлэлд эерэгээр нөлөөлсөн, Ерөнхийлөгчийг нь улам хүчтэй болгосон гэж үздэг. Харин одоо химийн зэвсэг хэрэглэсэн гээд нэмж хориг тавих, Европ руу нийлүүлэх хийн хоолой барьж эхэлсэн Нордиг-2 төслийг нь царцаах тухай ярьж эхэлжээ. Тийм хориг бол Оросын эдийн засагт илүү хүчтэй нөлөө үзүүлэх юм. Олон орны хоёр зуугаад компани оролцоод явж буй энэ төсөл гацвал Оросын валютын орлого цаашдаа багасна.
Нөгөө талаас Оросын төрийн монополь улам хүчтэй болж, авлигын нөхцөл нь сайжрахгүй байхад (Transparency International report 2018) эдийн засгийн өрсөлдөх чадвар нь түргэн нэмэгдэхгүй, гэтэл нийгмийн хангамжийн өртөг зардал нь улам нэмэгдэх хандлагатай байна.
Урд хөршийн санаачилсан зам ба бүс төсөл хэрэгжиж, ялангуяа авто болон төмөр замын корридор байгуулах ажил арай хурдсах магадлалтай болж байна. Мөн Сибирийн Ковыхтын орд газраас байгалийн хийн хоолой татах төслийг хэрэгжүүлэх магадлал өсч байна. Хоёр хөршөө дэд бүтэц, ялангуяа төмөр замын царигийн зөрөөний сэлгэн ачих болон банк санхүүгийн үйлчилгээгээр холбох чиглэлд төвлөрөх түүхэн боломж бага багаар бүрдэж эхэллээ.
2018.03.20
СанктПетербург-Москва-Улаанбаатар
Эх сурвалж: jargaldefacto.com
|