Владимир Путины үнэмлэхүй ялалт баталгаажив
ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр 76.6 хувийн санал авлаа.
Сонгуулийн нэгдсэн дүн 10 өдрийн дотор буюу гуравдугаар сарын 29-нд эцсийн байдлаар гарах товтой байна. Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш иргэдийн цалин хөлс жилд тасралтгүй 10 гаруй хувиар өсөж байсныг шинжээчид онцолж байна. Тухайлбал, түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд ОХУ-д тэтгэврийн дундаж хэмжээ 499 рублиэс 10 мянган рубль болж өссөн бол дундаж цалин 1500 рублиэс 30 мянган рубль болж өсжээ. Мөн 1990-ээд онд 30 гаруй хувь байсан ОХУ-ын ядуурлын түвшин 2016 онд 13.4 хувь болж буурсан байна. Владимир Путины хувьд 2020 он гэхэд ОХУ-ын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1.6 дахин өсгөнө гэж амлаад байна. Тэрбээр цаашид ч цалин хөлснийг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарна гэдгээ энэ сарын эхээр хийсэн мэдэгдэлдээ онцолсон юм.
Владимир Путины хувьд Йосиф Сталинаас хойш ОХУ-ыг хамгийн удаан удирдаж буй Төрийн тэргүүн болж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэрбээр 2024 он хүртэл буюу 72 нас хүртлээ ОХУ-ыг удирдахаар болж байна.
Энэ удаагийн сонгуулийн ирц 2012 оныхтой харьцуулахад өндөр, иргэдийн идэвх нэмэгдсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 67 хувьтай байсан гэж ОХУ-ын Сонгуулийн төв хороо мэдээллээ. Сүүлийн жилүүдэд ОХУ болон барууны улсуудын дунд үүсээд буй хөндий харилцаа ОХУ-ын иргэдийн "эх оронч үзлийг" сэргээсэн талаарх сонирхолтой судалгааг “Левада” төв танилцуулжээ.
Эх сурвалж: bloombergtv.mn
|









