А.Меркелийн дөрөв дэх Засгийн газар тэргүүлэх зорилтоо тодорхойллоо
Германы консерваторууд болон социал-демократуудаас бүрдсэн, эрх баригч шинэ Засгийн газрын тэргүүлэх зорилтуудыг энэ сарын 12-нд гарын үсэг зурсан эвслийн хэлэлцээрээс харж болох юм. Уг баримт бичиг нь Германы Канцлер Ангела Меркелиэр удирдуулсан дөрөв дэх Засгийн газрыг эмхлэн байгуулж буй гурван намын хэлэлцэн тохирсон зорилт гэсэн үг аж.
Нам тус бүр улс төрийн ямар салбарт анхаарлаа илүү хандуулах шаардлагатай талаарх тэргүүлэх зорилтуудаа тийм гэрээнд тусгадаг аж. Зорилго нь яв цав нийцнэ гэж байдаггүй учир эвслийн хэлэлцээр нь харилцан буулт хийсний үр дүн байдаг. Буулт хийхийн тулд консерваторууд ч, социал-демократууд ч сонгуулийн өмнөх зарим амлалт, мөрийн хөтөлбөрөөсөө татгалзахад хүрдэг юм.
“ЕВРОПЫН ШИНЭ СЭРГЭЛТ”
Засгийн газрын хэрэгжүүлэх асуудлуудыг дарааллаар нь үзвэл Германы хувьд ойрын жилүүдэд гол сэдэв нь Европ байх аж. Эвслийн хэлэлцээрийн хамгийн эхний заалт (“Европын шинэ сэргэлт”)-д Европыг нэгтгэх төслийн тухай, дүрвэгсдийн хямрал болон Их Британи гарахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Европын холбооны өмнө тулгамдсан сорилтуудын талаар, мөн шинэчлэл хийх шаардлагатайг дурджээ.
Германы Засгийн газрын эвсэлд оролцогчид тухайлбал, Европын холбооны төсвийг шинэчлэх санааг дэмжсэн байна. Тодруулбал, санхүүгийн эрсдэлүүдэд цаашид шуурхай арга хэмжээ авах, эдийн засгийг тогтвортой байлгахад зориулах тусгай хөрөнгөтэй байхаар тусгасан аж. Европыг тогтворжуулах хуучин механизмыг Европын валютын сан болгон өөрчлөхийг санал болгосон байна.
Энэ нь ердөө нэр солих төдий асуудал биш гэнэ. Европыг тогтворжуулах механизмаас гаргасан аль нэг улсад санхүүгийн тусламж үзүүлэх шийдвэрт Германы Парламент хориг тавих эрхтэй бол Европын валютын сан ямар нэг хориг саадгүйгээр зээл олгох боломжтой. Эвслийн хэлэлцээрийн эхний заалтад тэмдэглэсэн хамгийн чухал зүйл нь “Европын холбооны төсөвт Герман улс илүү өндөр татвар төлөхөд бэлэн” гэсэн мэдэгдэл байв.
Энэ нь Их Британи гарсны дараа Европын холбоо зардлаа танах шаардлагагүй гэсэн үг юм. Нэгдэж нягтарсан хүчтэй Европын холбоо л өнөөгийн ертөнцөд тэсэн үлдэж, гишүүн орнуудынхаа эрх ашгийг хамгаалж чадна. “АНУ-аас ач холбогдол өгч буй шинэ зүйлс, Хятад хүчирхэгжиж байгаа нь, Оросын баримталж буй бодлого нь Европ урьд урьдынхаас илүүтэй хувь заяагаа гартаа авах ёстойг харуулж байна” гэж эвслийн хэлэлцээрт дурджээ.
ОХУ БОЛОН ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР
Эвслийн баримт бичигт ОХУ-ын тухай тусгайлан дурджээ. “Оросын баримталж буй бодлого, хүний эрхийн байдал нь үлэмж дордсон байна” хэмээн дээрх хэлэлцээрт онцолсон аж. Энд мөн Крымийг ОХУ өөртөө нэгтгэсэн, Украины зүүн нутгийн байдалд хөндлөнгөөс оролцож, олон улсын хууль дүрэм болон Европын хэв журмыг зөрчсөн тухай тэмдэглэсэн байна.
Герман улс Францтай хамтран Украины мөргөлдөөнийг шийдэх, Минскийн гэрээг хэрэгжүүлэх арга зам хайх талаар илүү идэвхтэй тусалж ажиллахаар төлөвлөж, эвлэрлийн гэрээг мөрдүүлэх, мөргөлдөөний бүсээс хүнд зэвсэг болон анги нэгтгэлийг гаргах нь маш чухал хэмээн үзэж байна. Эдгээр арга хэмжээг Донбасст НҮБ-ын цэнхэр дуулгатнуудаар дамжуулан гүйцэтгүүлэхийг санал болгожээ. Үүнд социал-демократууд онцгой их найдлага тавьж буй аж.
Консерваторуудтай хийсэн эвслийн хэлэлцээний үеэр тэд цэнхэр дуулгатнуудын оролцоотойгоор уг санаагаа хэрэгжүүлж, ингэсний хариуд Европын холбоо ОХУ-д авсан хориг арга хэмжээгээ зарим талаар цуцлахаар эвслийн баримт бичигтээ тусгах гэж байсан нь дэмжлэг аваагүй юм. “Минскийн гэрээг биелүүлбэл бид хориг арга хэмжээгээ цуцлахад бэлэн байгаа бөгөөд энэ талаар Европын түншүүдтэйгээ яриа хэлэлцээ хийнэ” гэж эвслийн хэлэлцээрт тусгажээ.
ХҮҮХЭД, ТЭТГЭВЭР, ДҮРВЭГСДИЙН ТУХАЙ
Германы жирийн иргэд А.Меркелийн дөрөв дэх Засгийн газраас илүү бодитой арга хэмжээнүүд авахыг хүсэж байна. Тухайлбал, эхний хоёр хүүхэд тус бүрт одоо өгдөг 194, гурав дахьд 200, дөрөв дэхээс олгодог 225 еврог 25 еврогоор нэмэхээр Сайд нарын шинэ зөвлөл төлөвлөжээ.
“Эв санааны нэгдлийн нэмэгдэл” гэдэг орлогын татварыг хэд хэдэн үе шаттайгаар цуцалсаар 2021 он гэхэд Германы татвар төлөгчдөд 10 тэрбум евро хэмнэх боломж олгох гэнэ. Тус улсын өндөр настнуудын тэтгэвэр наанадаж 2025 он хүртэл урьд нь авч байсан цалингийн 48 хувиас буухгүй гэдэгт итгэлтэй байж, ажиллагсад нь тэтгэврийн санд орлогынхоо 20 гаруй хувийг шилжүүлэх шаардлагагүй болох аж.
Ирэх оноос эхлэн эмнэлгийн дансанд ажил эрхлэгч болон олгогч адил хэмжээний татвар төлөх нь бизнес эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг бага зэрэг нэмэх нь. Германы томоохон хотуудад орон сууцны төлбөр үлэмж өссөнийг харгалзан үзээд шинэ Засгийн газар хувийн орон сууц барих, эсвэл бэлэн байр худалдан авахад айл өрхүүдэд туслахаа амлажээ. Эхний 10 жилд тэдэнд ийм зорилгоор хүүхдийнх нь тоогоор жилд 1200 евро өгөх гэж байна.
Хэрэв өрхийн нийт орлого 75 мянган евро давахгүй бол нэмээд нэг хүүхдэд 15 мянган евро ногдохоор тооцож, дэмжлэг үзүүлэх гэнэ. 2015-2016 оны дүрвэгсдийн хямралын үр дагаврыг өнөө болтол даваагүй байгаа германчуудын хувьд нэг таатай заалт эвслийн гэрээнд оржээ. Тодруулбал, дүрвэгсдийн цувааг жилд 180-220 мянган хүнээс давуулахгүй гэнэ. Эцэст нь, өнөөдөр Бундестаг шинэ Засгийн газраа батална. Канцлер болох нь хэдийнэ тодорхой болсон Ангела Меркель хилийн чанадад хамгийн түрүүнд Францад айлчлахаар төлөвлөж буйгаа эвслийн гэрээнд гарын үсэг зурахдаа мэдэгдээд, “Ажилдаа орох цаг боллоо” хэмээсэн билээ.
З.Гал