Хилийн чанадад оршин сууж буй ОХУ-ын иргэд саналаа өгч эхэллээ
ОХУ-ын Сонгуулийн төв хороо гуравдугаар сарын 10-наас хилийн чанад дахь иргэдийнхээ саналыг авч эхлээд байна. Тухайлбал, өнгөрсөн бямба, ням гарагт Умард Ирланд, Бразил болон АНУ-ын зарим хотод санал хураалт ямар нэг зөрчилгүй явагдаж өнгөрснийг сонгуулийн хэсгүүд мэдээлжээ. Харин Монгол Улсад амьдарч буй ОХУ-ын иргэд сонгуулийн өдөр буюу гуравдугаар сарын 18-нд саналаа өгөх юм. Улаанбаатар хотод хоёр, мөн Дархан, Эрдэнэт хотод тус бүр нэг нэг санал авах байр ажиллах юм байна. Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид нэг нэгнийхээ эсрэг гомдол, зарга мэдүүлж, цаашлаад нэр дэвших эрхийг нь хасуулах хугацаа гуравдугаар сарын еснөөр дуусгавар болсныг ОХУ-ын Сонгуулийн төв хороо мэдээллээ. Харин гуравдугаар сарын 16-наас өмнө нэр дэвшигчид өөрийн саналаар сонгуулиас нэрээ татах боломжтой юм байна.
Эргэн сануулахад, Бүх Оросын олон нийтийн санал судалгааны төвөөс явуулсан судалгаанд оролцогсдын 69 хувь нь ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путиныг сонгоно гэж хариулжээ. Мөн судалгаанд ОХУ-ын 18-аас дээш насны иргэдийн 74 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгнө гэж хариулсан ч сонгуулийн ирц 63-67 хувьтай байна гэж тус байгууллага тооцоолж байгаа аж.
Эх сурвалж: bloombergtv.mn
|