“Өөрийн хүчээр тэрбумтан болсон эмэгтэйчүүд“-ийн жагсаалтыг хятадууд тэргүүлэв
Өөрийн хүчээр тэрбумтан болсон эмэгтэйчүүдийн тоогоор БНХАУ дахин тэргүүллээ. “Hurun Report”-оос гаргасан эмэгтэй тэрбумтнуудын жагсаалтын эхний 10 байрт багтсан эмэгтэйчүүдийн тав нь хятадууд байгаа аж.
Мэдрэгчтэй дэлгэц үйлдвэрлэгч "Lens Technology" компанийн үүсгэн байгуулагч Жоу Цунфей 9.8 тэрбум ам.долларын хөрөнгөөр "Өөрийн хүчээр тэрбумтан болсон дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй"-ээр нэрлэгдэж байна. Харин үл хөдлөх хөрөнгийн салбарт бизнес эрхлэгч Ву Яажун 9.3 тэрбум ам.долларын хөрөнгөөр жагсаалтыг удаалжээ. Түүний хөрөнгө сүүлийн нэг жилийн дотор 83 хувиар өссөн байна. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекст багтсан дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхмийн 13 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд үүний дотор өөрийн хүчээр тэрбумтан болсон долоон эмэгтэй байгаа нь жагсаалтын 1.4 хувийг л бүрдүүлж байгаа ажээ. Тэрбумтнуудын дийлэнх нь технологийн салбарт харьяалагддаг байна. 1.1 их наяд ам.доллараар хэмжигдэх технологийн салбарын тэрбумтнуудын хоёр хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Энэ салбарын хөрөнгө өнгөрсөн жилд 258 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Үүнээс гурван эмэгтэй тэрбумтны хөрөнгө өссөн байна.
Эх сурвалж: bloombertgtv.mn
|