Дональд Трамп: Хойд Солонгосыг өвлийн олимпод оролцуулах нь буруу

2018 оны 1 сарын 25

ДОНАЛД ТРАМП зурган илэрцүүд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн долоо хоногт “The Wall Street” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Та Давосын чуулга уулзалтыг хааж илтгэл тавина. Яг ямар мессеж өгөхөөр төлөвлөж байна вэ?

-Өнгөрсөн 2016 онтой харьцуулахад 2017 он эдийн засгийн хувьд харьцангуй өсөлттэй жил байлаа. Барак Обамагийн захиргааны сүүлчийн улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт маш бага байсан. Бид урт хугацааны турш буруу замаар явсаар иржээ. Алабама мужид Тоёотогийн үйлдвэр баригдах гэж буй талаар би өмнө нь мэдэгдэж байсныг санаж байгаа байх. Тоёотогийн үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 300 мянган машин үйлдвэрлэж, 4,000 орчим ажлын байр бий болно. 

Зөвхөн Тоёотогоос гадна дэлхийн томоохон олон корпорацийн үйлдвэрүүд ирээдүйд манай улсад баригдах болно. Харин Ардчилсан намынхны Засгийн газрын үед тэд ийм ажил нэг ч удаа хийж байгаагүй. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр АНУ-д өнгөрсөн хугацаанд маш олон зүйл өөрчлөгдсөн.

-“Nafta” буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрээс гарах талаар дурдаж байсан. “Nafta”-гаас гарвал эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй гэж үү?

-Зах зээл хумигдахгүй гэж би хэлж чадахгүй. Гэхдээ “Nafta”-г зогсоосон ч чөлөөт худалдааны хэлэлцээрийг орлохуйц хэлэлцээрийг Америкийн зах зээл дээр гаргаж ирнэ. Тэгэхээр ямар нэгэн асуудал үүсэхгүй болов уу гэж харж байгаа.

Би сонгуулийн амлалтуудаа эхнээс нь биелүүлсээр байна. Одоогоор АНУ болон Мексикийн хилийн дагуу хана барих асуудал хэлэлцээний төвшинд явж байгаа. Гэхдээ энэ асуудлыг маш нухацтай хэлэлцэх хэрэгтэй. Солонгосын хойгт юу болж буйг та бүхэн мэдэж байгаа байх. Мэдээж Бээжин Вашингтонд тусалж дэмжиж байгаа. Гэхдээ хамгийн гол ачааг нь АНУ үүрч байна.

-Гэхдээ одоо хүртэл “Nafta’’-гийн хэлэлцээр таны ширээн дээр байгаа. Заавал энэ хэлэлцээрээс гарахгүй байсан ч болно шүү дээ?

-Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр АНУ-ын хувьд алдагдалтай тусдаг. Хэрэв бид үүнийг одоо л өөрчлөхгүй бол зөвхөн Мексик Улстай хийх худалдаанаас 71 тэрбум ам.доллар, Канадтай хийх худалдаанаас 17 тэрбум ам.долларын алдагдал хүлээх болно.

-Та Хойд Солонгос болон БНХАУ-ын харилцааны талаар дурдсан. Таны бодлоор Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд БНХАУ хангалттай тусалж чадаж байгаа юу?

-Хангалттай хэмжээнд тусалсан гэж хэлж чадахгүй ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Тэд АНУ-ын ямар ч Ерөнхийлөгчид тусалж байгаагүйгээр надад тусалсан. Гэхдээ тэд надаас илүү ихийг хийгээгүй. БНХАУ-ын дарга бид хоёр сайн харилцаатай.

-Пёнчаны өвлийн олимп болох гэж байгаатай холбогдуулан хамтарсан цэргийн сургуулилтаа хойшлуулсан нь Пхеньянд буруу ойлголт төрүүлэх вий гэдэгт та санаа зовж байна уу?

-Үгүй тэгж бодохгүй байна. Гэхдээ Хойд Солонгосыг өвлийн олимпод оролцуулах нь буруу. 

-Таны жиргээний дийлэнх хувь нь БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд хандсан байдаг?

-Тийм ээ. Түүнтэй холбоотой маш олон асуудал үүсэж байна шүү дээ. Харин ч би уян хатан хүн.

-АНУ, Мексикийн хилийн дагуу хана барихад нийт яг хэр хэмжээний зардал гарахаар байгаа вэ?

-Би хилийн дагуу хана барина гэж бараг байнга ярьдаг. Ханын зардлыг Мексикийн Засгийн газраар гаргуулна ч гэж хэлдэг. Мэдээж ханын зардлыг Мексикийн Засгийн газар гаргана. Хана барих зардлыг Мексикийн талаас гаргуулах олон арга бий. Би хамгийн багадаа 10 аргыг нэрлэж чадна.

-Жишээ болгон зарим аргаас нь дурдвал?

 -Жишээлбэл “Nafta”-aap дамжуулан шууд бусаар төлүүлж болно.

-Цагаачлалын асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-“Хууль бус цагаачдыг улсаасаа гаргана. Мексикийн дагуу хана барина” гэсэн хоёр амлалт намайг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад хамгийн их нөлөөлсөн. Би сонгогчидтой уулзах үедээ хашаа болон цонх хэнд хэрэгтэй вэ гэж асуусан. Тэд “Нөгөө талд маань хэн байгааг харахын тулд” гэж хариулж байсан юм. Үүнтэй яг адилаар хүмүүс өөр өөрийн байх ёстой газраа л байх ёстой. Мөн бид бидний нөгөө талд хэн байгаа вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Тэгэхгүй л бол асуудал үүснэ.

-Хууль бусаар оршин сууж буй болон АНУ-д төрж өссөн хүүхдүүдийг хууль ёсны статустай болгох боломж бий юу?

-АНУ-ын хэмжээнд 8,000 гаруй “мөрөөдөгчид” буюу АНУ-д төрж өссөн хүүхэд бий. Мэдээж тэднийг шууд АНУ-аас гаргана гэдэг хэцүү. Тэдний гэр бүл найз нөхөд бүгд энд бий. Би тэдэнд аль болох уян хатан хандахыг хичээж байгаа. Гэхдээ яаж гэдгээ одоохондоо мэдэхгүй байна.

-Саяхан таны тухай ном гарсан. Номны тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Би хамгийн амжилттай хүн. Би бүх цаг үед хамгийн шилдэг тамирчин байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр, гурав эсвэл дөрөв таван удаа нэр дэвшилгүйгээр ганц удаа нэр дэвшээд л АНУ-ын Ерөнхийлөгч боллоо шүү дээ. Би бол ухаалаг хүн. Үүнийг миний хүрсэн амжилт, хийж бүтээсэн бүхэн маань батална. Харин Ардчилсан намынхан болон номын зохиогч л үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм. 

-Цагаан ордны Стратегийн албаны дарга асан Стив Беннон таны кампанит ажилд чухал хувь нэмэр оруулсан. Гэтэл “Fire and Fury” гэх номын зохиолчид сонгуулийн кампанит ажлын талаар болон Цагаан ордны талаар мэдээлэл өгсөн. Та түүнийг урвасан гэж бодож байна уу?

-Тийм ээ тэр надаас урвасан. Гэхдээ миний эргэн тойронд Стивээс илүү ажлаа мэддэг, сайн хийдэг олон хүн бий.

-Стивийн дурдсан баримтууд дунд таны хүү болон ОХУ-ын харилцааны талаар байсан?

-Миний хүү ОХУ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж байсан. Гэхдээ сонгуулийн талаар биш. Ажил хэрэг, бизнесийн шугамаар. Аав нь сонгуульд өрсөлдөж байгаа учраас гэр бүл нь бизнесээ зогсоож, гаднын ямар ч хүнтэй уулзахгүй байх ёстой байсан гэж үү.

-Та тухайн үед хүүгээ ОХУ-ын холбогдох албаныхантай уулзсан гэдгийг мэдсэн үү?

-Үгүй. Би энэ талаар огт мэдээгүй.

 

Эх сурвалж: The Wall Street Journal

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52879
0 эможи
keyboard_arrow_up