А.Меркельд суудлаа хадгалах боломж нэмэгдэв
Германы Социал демократ нам албан ёсоор эвсэл байгуулахын төлөө саналаа өгсөн нь тус улсад Засгийн газар бүрдүүлэх боломжтой боллоо. Нөгөөтэйгүүр, канцлерь Ангела Меркельд дөрөв дэх хугацаанд суудлаа хадгалах боломж олгов. Ням гарагт Боннд болсон Социал демократ намын ээлжит бус чуулганы 642 гишүүний 362 нь Меркелийн Консерватив хүчинтэй эвслийн гэрээ хийхийг дэмжиж саналаа өглөө. Тус намын тэргүүн Мартин Шульц шинэ Засгийн газар улс төрийн түүхэн шинэчлэл хийж, Европт шинэ өглөө эхлүүлэхийн тулд эвслийг дэмжихийг уриалжээ. Тэрбээр “Европ Герман улсад итгэл хүлээлгэж, хариуцлагыг өөртөө авч, шийдвэртэй алхам хийгээсэй гэж хүсэж байна. Социал демократ намгүйгээр энэ боломжгүй” хэмээсэн юм.
Дээрх шийдвэрийг хүлээж байсан хатагтай Меркелийн Христийн ардчилсан холбоо нам төдийгүй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нарын зэрэг Европын удирдагчид уужим амьсгаа авахтай боллоо. Ноён Макрон Европын холбоог шинэчилж, тус бүсийг өргөтгөх санаачилгадаа Германы дэмжлэгийг авах сонирхолтой байгаа билээ. Өнгөрсөн есдүгээр сарын сонгуулиар Меркелийн нам дийлэнх олонх болоогүй тул удтал хэлэлцээ хийсэн боловч чөлөөт демократууд болон ногооныхонтой эвсэл бүрдүүлж чадаагүй. Их эвсэл байгуулахад Социал демократ намын оролцоо ийнхүү нээгдсэн нь том амжилт болов. Гэвч эвслийн хэлэлцээг Социал демократ нам 56 хувийн саналаар дэмжсэн явдал нам дотор ч уг асуудлаар зөрүүтэй байр суурь байгааг харуулсан байна.
Эвслийн нарийвчилсан гэрээг Социал демократ намын 450 мянган гишүүнээр хэлэлцүүлж, саналыг авах үйл явц Германд зүүн ба баруун төвийн их эвсэл байгуулах сүүлийн саад тотгорболж үлдлээ. Социал демократ намын олон гишүүн өмнөх Засгийн газарт Меркелийн намтай хамтарч орсон явдал тус намыг ялагдал хүлээхэд хүргэсэн, дахиад эвсэл байгуулбал бүр дордоно хэмээн шүүмжилж буй. Тус намэвслийн хэлэлцээг зөвшөөрөөгүй бол Германд дахин сонгууль явуулах эрсдэл тулгараад байв. Түүнчлэн хатагтай Меркель канцлерийн суудлаа хадгалах явдал эргэлзээтэй болох байсан юм. Цаашдын хэлэлцээ Социал демократ нам ба Христийн ардчилсан холбоо, түүний хамтрагч Баварийн Христийн нийгмийн холбоо намуудын өмнө тохиролцсон асуудалд суурилах аж.
Ноён Шульц Европын валютын сан байгуулж, хэмнэлтийн арга хэмжээг зөрчихгүй байхад анхаарна гээд Берлин Европын илүү гүнзгий интеграцчилахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг амлажээ. Тэрбээр эхэндээ их эвслийг эсэргүүцэж байсан боловч хэлэлцээ Социал демократ намын гишүүдэд бодитой давуу тал бий болгох тул байр сууриа өөрчилснөө мэдэгджээ. Тухайлбал, гэр бүл, сургууль, дэд бүтцэд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн цаашдын хэлэлцээ илүү үр дүнд хүргэнэ гэсэн хүлээлт үүсээд буй.
Ноён Шульц эрүүл мэндийн тогтолцоо, цагаачлалын дэмжлэг, байнгын ажлын байр бий болгох зэрэг асуудлыг дурдсан байна. Тэрбээр “Бид цаашдын хэлэлцээнд нийгмийн бодлогыг сайжруулахын төлөө тэмцэнэ. Гэхдээ Засгийн газар бүрдүүлж, нөхцөлийг тохиролцох хэлэлцээ эхлээгүй байна” хэмээн онцолжээ. Нөгөө талаас Меркелийн нам дахин буулт хийх эсэх нь тодорхойгүй байгаа. Христийн ардчилагчдын удирдагч хэлэхдээ өмнө нь тохиролцсон зүйлүүдийг дахин хэлэлцэх сонирхолгүй байгаагаа мэдэгдсэн юм.
Тобиас Бак