АНУ-ын Засгийн газар, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа түр саатлаа

2018 оны 1 сарын 22

АНУ-ын Конгресс өнгөрсөн баасан гарагт холбооны төсвийн төслийн тухай шинэ хууль баталж чадаагүй учраас Засгийн газар, цаашлаад төрийн байгууллагуудын үйл ажиллагаа саатжээ. АНУ-ын Холбооны яам, агентлагийг түр санхүүжүүлэх тухай тогтоолыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан. Гэвч энэ тогтоолын хэрэгжих хугацаа баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө буюу Монголын цагаар өнгөрсөн бямба гарагийн 13.00 цагт дуусгавар болсон байна.

2018 оны бүрэн төсөв батлагдаагүй учир төрийн байгууллагууд зарим үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрчээ. Ирэх хоёрдугаар сарын дунд хүртэлх нэг сарын хугацаан дахь төсвийн асуудлыг Конгрессын доод танхим буюу төлөөлөгчдийн танхим дэмжин баталсан ч, дээд танхимд саатжээ. Сенат дахь Ардчилсан намын гишүүд болон бүгд найрамдахчууд нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ардчилсан намын дарга Чак Шумерыг дуудан уулзаж, яаралтай арга хэмжээ авахыг зөвлөжээ. Мөн тэрбээр твиттертээ холбооны төсвийн санхүүжилттэй холбоотой асуудлаар ахиц гарсан хэмээгээд “Санхүүжилтийг дөрвөн долоо хоногоор сунгах нь зүйтэй. АНУ-ын арми, батлан хамгаалах болон аюулаас хамгаалахад хангалттай хөрөнгө төсөвлөгдөхгүй байж магадгүй.

Ардчилсан намынхан миний санаачилсан татвар бууруулах төлөвлөгөөнд саад учруулахын тулд Засгийн газрыг хаахыг хүсэж байна” гэжээ. Ийнхүү хоёр нам зөвшилцөлд хүртэл АНУ-ын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги хэвээр байх нь ээ. Эрүүл мэнд, боловсрол, тээвэр зэргээс бусад төрийн үйлчилгээ түр зогсох аж.

ЯАГААД НЭГДСЭН ШИЙДЭЛД ХҮРЧ ЧАДААГҮЙ ВЭ

Ардчилсан намынхан өсвөр насандаа АНУ-д хөл тавьсан 700 мянга гаруй хууль бус цагаачдыг эх оронд нь албадан буцаахаас сэргийлэх арга хэмжээ авахыг тогтоолын төсөлд тусгахыг хүсжээ. “Мөрөөдөгчид” буюу өсвөр насандаа АНУ-д хөл тавьсан хууль бус цагаачдад Ерөнхийлөгч асан Барак Обама түр статус олгосон юм. Ерөнхийлөгч асан Барак Обамагийн олгосон түр статус өнгөрсөн оны есдүгээр сард дуусгавар болсон ч Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх гуравдугаар cap хүртэл сунгаад байсан юм.

Мөн бүгд найрамдахчууд бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалаас зургаан жилийн хугацаанд чөлөөлөх хууль баталсан ч Ардчилсан намынхан энэ хугацааг сунгахыг хүсэж буй юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Трамп АНУ, Мексикийн хилийн дагуу барихаар төлөвлөж буй хананы зардлыг улсын төсвөөс гаргуулах гэж буй нь томоохон асуудал болж байгаа юм. Өмнө нь тэрбээр хилийн дагуу барих хананы зардлыг эхний ээлжинд АНУ-ын Засгийн газар гаргаж, дараа нь Мексикийн Засгийн газраар төлүүлнэ хэмээн мэдэгдэж байсан юм.

ТАВАН ЖИЛИЙН ДАРАА

АНУ-ын түүхэнд 1977-2013 он буюу 36 жилийн хугацаанд Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа Ерөнхийлөгчийн ажлын алба болон Конгрессын маргаан, санал зөрөлдсөний улмаас 17 удаа саатаж байжээ. “Мөнгөгүйгээр" гүйцэтгэх эрх мэдэл тодорхой хугацааг тухай бүрт өнгөрүүлж байсан байна. Хамгийн богино хугацаа гурав хоног байсан бол хамгийн урт нь 21 хоног байжээ.

Тодруулбал, 1995 оны арванхоёрдугаар сарын 15-наас 1996 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл саатсан байна. Эдгээр тохиолдолд АНУ-ын Засгийн газар хэвийн үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрч, тусгай алба болон Цагаан ордны алба хаагчид зэрэг зарим төрийн алба хаагчдад цалингүй амралт олгож байжээ. АНУ-ын хууль тогтоомжийн дагуу үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого зэрэгтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг яам, агентлагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулна.

Цагаан ордон, Конгрессын эрхийг нэг нам гартаа атгаж байх үед ч ийнхүү Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа саатаж байжээ. Сүүлд 1977, 1981 онуудад Цагаан ордныг тэргүүлж байсан АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картерын үед ийм тохиолдол болсон байна.

ЦЭРЭГ, ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД “АМРАХГҮЙ”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гаригт Пентагоны тэргүүн Жеймс Мэттис, АНУ-ын Зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзаж, Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа санхүүжилтийн асуудлаас болж зогсонги байдалд орвол хэрхэх төлөвлөгөөг хэлэлцжээ. Энхтайван байдлыг хүч ашиглан хангахын тулд цэрэг, батлан хамгаалах салбарын төсвийг танахгүй гэдгийг ноён Ерөнхийлөгч тэмдэглээд, цэргийн төсвийг таналгүй батлуулахаа амласан байна.

АНУ-ын Батлан хамгаалах яам ч мөн ард иргэдэд хандаж, төсвийн хууль хугацаанд нь батлах эсэхээс үл хамааран Афганистан, Ирак, Сири зэрэг улсад явуулж байгаа терроризмын эсрэг ажиллагааг зогсоохгүй, эдгээр ажиллагаанд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдсэн юм. Хууль хяналтын байгууллагын хувьд холбооны Засгийн газрын санхүүжилтээс төдий л хамаарахгүй гэнэ. Хуульзүйн яам 115 мянган алба хаагчтай, тэдгээрийн 95 мянга нь албаа хэвийн үргэлжлүүлэн хаана. Харин Дээд шүүхийн хувьд ирэх гурван долоо хоногтоо үйл ажиллагаагаа хэвийн явуулах хангалттай хөрөнгөтэй гэнэ.

ХЭН ХОХИРОХ ВЭ

Санхүүжилт саатсанаас үндэсний парк, зарим музей хаагдана. Урьдчилсан тоо-цоогоор, улсын төсөвт 500 сая ам.долларын алдагдал учрах аж. АНУ-ын Шуудангийн алба хэвийн ажиллана. Учир нь холбооны төсвөөс шууд хамааралгүй гэнэ. Мөн нийгмийн халамжийн алба ч ажиллана, гэхдээ зарим үйл ажиллагаа нь саатах эрсдэлтэй гэнэ. Харин татварын албадууд ноцтой хүндрэлтэй нүүр тулах аж. Цахим мэдээллийн сангийн үйл ажиллагаа доголдох юм байна. Хууль тогтоогчид энэ амралтын өдрүүдэд асуудлыг шийдвэрлэхээр ажиллана гэж шинжээчид харж байна. Гэхдээ тодорхой тов алга байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52675
0 эможи
keyboard_arrow_up