АНУ Казакстаны дэд бүтцийг хөгжүүлэхэд ДОЛООН тэрбум ам.доллар ОЛГОНО
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнгөрсөн мягмар гаригт АНУ-д айлчилсан бөгөөд гурван өдөр үргэлжлэх тус айлчлал өнөөдөр дуусч байна.
Айлчлалынхаа хүрээнд тэрбээр Вашингтонтой хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засгийн 20 гаруй гэрээ хэлэлцээрийг байгуулсан байна. Энэхүү гэрээ хэлэлцээрийн дотор нисэх, сансарын судалгаа, газрын тос, хими, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд багтжээ.
Казакстан нийт 2.5 тэрбум ам.долларын бараа, үйлчилгээг АНУ-ын талаас худалдан авах болсон талаар АНУ-ын төрийн департментаас мэдээлжээ.
Мөн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр долоон тэрбум ам.долларын өртөг бүхий төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэрээнүүдэд гарын үсэг зурсан аж.
Казахстан улс НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийг даргалах нэг сарын хугацаатай эрхийг энэ оны эхний өдөр хүлээж аваад байгаа тул Афганистан, Сири зэрэг тогтворгүй бүс нутгуудад авах арга хэмжээний талаар зөвлөлдсөн аж.
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев АНУ-ыг өөрийн хамгийн том худалдааны түншүүдийн нэг гээд тус улсад Америктай холбоотой бизнес эрхэлдэг 500 орчим компани байгаагийн 140 гаруй нь хамтарсан компани болохыг мэдэгджээ.
.