Трампын тухай номоос авсан 10 эшлэл
Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Комиг халахаасаа өмнө “харх” хэмээн дуудаж, эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд итгэдэг тухай Майкл Вулф дуулиан тарьж буй “Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордны хонгилд” номондоо баталжээ. Энэхүү номонд Ерөнхийлөгчийг мөн тэрбумтан найзууд руугаа шөнө утсаар залгах дуртай гэсэн байна.
Трампын хувьд Вулфтай огт харилцаж үзээгүй бөгөөд түүний ном “худал хуурмаг, гажуудал, огт байхгүй эх сурвалжуудаар дүүрэн” гэж мэдэгджээ. Гэхдээ номын зохиолч эх сурвалжаа үнэн хэмээгээд үүнийг хийх шаардлага байсан, Ерөнхийлөгчид итгэх хэрэггүй гэж баталжээ. Харин ВВС өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийсэн энэхүү шинэ, дуулиан шуугиан тарьсан номоос авсан эшлэлүүдийг хүргэж байна.
1. Трамп “Ку-клукс-клан” өнөөдөр юу илэрхийлдгийг мэдэхгүй
Өнгөрсөн оны наймдугаар сард Шарлоттсвиллд хүчирхийлэл дэгдсэнээс хойш Трамп хоёрдмол байдалд оржээ. Эхэндээ зөвхөн эмгэнэл төдийхнөөр хязгаарлаж байсан бол сүүлдээ цагаан арьстан давамгайлах ёстой гэсэн үзэлтэй хэт барууны “Ку-клуск-клан”-ыг шүүмжилж эхэлжээ. Харин маргааш нь Шарлоттсвиллд гарсан хүчирхийлэл нэмэгдсэний бурууг зөвхөн нэг талд тохох хэрэггүй гэжээ. Генерал Роберт Лигийн хөшөөг хамгаалсан хүмүүсийн дотор мэдлэг, боловсролтой олон хүн байсан гэж Трамп хэлээд зүүнийхнийг бүх буруугаа хэт барууныханд тохлоо гэжээ.
Вулф энэхүү номоороо Трампыг Шарлоттсвиллд болсон үйл явдлын цаад мөн чанарыг бүрэн ойлгоогүй гэсэн байна. “Тэрбээр сэтгэлийнхээ гүндээ хүмүүс яагаад “Ку-клукс-клан”-д элсдэгийн шалтгааныг ухаалгаар тайлбарлах аргыг эрэлхийлж байна. Өөрөөр хэлбэл тэд “Ку-клукс-клан”-ы үзлийг ялгахгүй, дээр нь “Ку-клукс-клан” өмнө нь итгэдэг байсан зүйлдээ итгэхгүй болсон, ер нь Ку-клус-клан өдгөө юунд итгэдэг болсныг хэн мэдэх билээ. Үнэн хэрэгтээ түүний эцгийг “Ку-клукс-клан”-тай холбоотой гэж буруутгаж байсан, энэ нь худал гэж тэрбээр хэлжээ. Гэвч энэ нь үнэн юм”.
2. Жаред Кушнер, Иванка Трамп нар ХМТ-ны захирал асан Жеймс Комигоос үхтэлээ айдаг байжээ
Шинэ номонд Трамп Комиг нэг бус удаа “харх” хэмээн нэрлэдэг байсан гэдэг. Харин Цагаан ордны стратегич асан Стив Бэннон Иванка Трампыг Холбооны мөрдөх товчооноос оросууд сонгуульд хутгалдан орсон тухай мөрдлөг шалгалт явуулах вий гэдгээс үхтэлээ айдаг байсан тухай Вулфт ярьсан гэнэ.
“Жаред, Иванка зэрэг хүүхдүүд нь Холбооны мөрдөх товчоо, Хууль зүйн яамнаас зөвхөн оросууд хутгалдан орсон хэргээр зогсохгүй Трампуудын гэр бүлийн санхүүгийн асуудлыг сонирхож эхэлсэнд сандарч мэгдэж эхэлсэн”.
Кушнер Комиг халахыг шаардаж, Трамп түүнийг гол зөвлөхүүдгүйгээрээ хийсэн гэнэ.
Вулфын баталснаар Трамп хувиараа, зоримог шийдвэр гаргаснаар Холбооны мөрдөх товчооны захирлыг халсан болж харагдахыг хүссэн гэнэ.
“Ерөнхийлөгч энгийн процедураас зайлсхийж, түүнийг халсан. Жеймс Комиг халсан өдрийн турш хэн ч Трампыг хэргийг гартаа авсныг мэдээгүй. Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Комигоо хална гэдэг өнөө цагийн Ерөнхийлөгчийн нэг жилийн хугацаанд хийсэн, ганцаараа гаргасан, хамгийн их үр дагавар учруулсан шийдвэр байсан”.
3. Трамп Саудын Арабт төрийн эргэлт зохион байгуулснаараа гайхуулжээ
Трамп хилийн чанадад хийсэн анхны айлчлалаараа Саудын Араб улсад очиж, 110 тэрбум ам.долларын зэвсэг худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Саудчууд түүнийг хүлээн авах ажиллагаанд 75 сая ам.доллар зарцуулж, Ерөнхийлөгчийн гэр бүлийг алтан машинаар хүргэсэн тухай тус номонд өгүүлжээ.
Вулфын хэлж буйгаар Кушнер тухайн үед угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Найефтэй (номонд түүнийг MBN хэмээн нэрлэсэн байдаг) эртний харилцаатай ч 32 настай Мохаммед бин Салмантай (MBS) нөхөрлөж эхэлсэн гэнэ.
Мохаммед бин Салманыг өнгөрсөн оны гуравдугаар сард Цагаан ордонд айлчлахыг урьсан юм.
“MBS Трампын энэхүү нөхөрсөг хандлагыг вант улсдаа хувийн улстөрийн тоглоом болгон ашигласан. Харин Цагаан ордон түүнийг ийм зүйл хийснийг байнга үгүйсгэсээр иржээ”.
Мохаммед Салман Трамп гэрээний байгуулсан нөхцөлийн талаар хэдэн долоо хоногийн дараа буюу түүнийг Саудын Арабт айлчлах үеэр зарлана гэж амласан гэж баталж байна.
“MBS-ийн аяллаас хойш хэдэн долоо хоногийн турш MBN-д бүрэн мэдэлгүйгээр хүчээр угсаа залгамжлагч хунтайжийн цолоосоо татгалзуулаад өөрөө тэрхүү цолыг хүртсэн.
Трамп найзууддаа Жаредтай хамт Саудад эргэлт зохион байгуулсан гэж сайрхдаг бөгөөд “Бид өөрсдийнхөө хүнийг гаргасан” гэдэг байна”.
4. Трамп эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд итгэдэг
Трамп хэдийгээр эмэгтэй хүнийг үзэн ядагч болж харагддаг ч хэрэг дээрээ эрчүүдээс эмэгтэйчүүдэд илүү ойр дотно байдаг гэж Вулф бичжээ. Түүний номонд өгүүлснээр Трамп эмэгтэйчүүдэд нууцаа итгэж хэлдэг бол эрчүүдээс зай барьдаг гэнэ.
“Трамп үзэхдээ эмэгтэйчүүд бол илүү төвийг сахисан, эрчүүдээс илүү итгэл хүлээх хүмүүс гэдэг. Эрчүүд магадгүй илүү шургуу, эрх мэдэлтэй боловч өөрсдийн гэсэн ашиг сонирхол ихтэй. Эмэгтэйчүүд байгалиасаа, эсвэл Трампын ойлгосноор байгалиасаа өөрийн бүх хүчээ эрчүүдэд дайчлах хандлагатай байдаг. Яг л Трамп шиг эрчүүд рүү”.
5. Бэннон Афганистанд Макмастерыг хадахыг оролдож байжээ
Цагаан ордны ерөнхий стратегич асан Стив Бэннон үндэсний аюулгүй байдлын зөвлөх Херберт Макмастер болон Афганистанд явуулсан 16 жилийн цэргийн ажиллагааг хэрхэн үнэлдэгт нь сэтгэл дундуур байдаг. Вулфын баталж буйгаар Бэннон генерал Макмастерыг либералууд болон хөгшин бүгд найрамдахчуудтай хэтэрхий нягт холбоотой гэж үздэг болохоор түүнийг аль болох хол цөлнө гэж сүрдүүлж байжээ.
“Макмастер Афганистанд илүү олон цэрэг илгээхийг хүсдэг. Ингээд л бид тийшээ явж байна даа” хэмээн Бэннон ёслол төгөлдөр мэдэгджээ. Бэнноны төлөвлөгөө ёсоор бол Трамп Макмастерт дөрвөн од олгоод, Афганистан дахь цэрэг дайчдын ерөнхий командлагч болгон “дэвшүүлэх” ёстой байжээ”.
6. Трамп Жон Болтоныг сахлаас нь болж томилоогүй
Трампад Жон Болтоны нүүрэн дээрх сахал нь таалагдаагүйгээс болж НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч төрийн нарийн бичгийн дарга болох боломжоо алдсан гэх яриа байдаг. Вулф ч энэхүү цуу яриаг дэмжиж, Бэннон, Рожер Эйлс (Америкийн мэдээллийн Fox News сувгийг үүсгэн байгуулагч, тэргүүн байсан бөгөөд 2017 оны тавдугаар сард таалал төгссөн) нарын үдийн зоог барих үедээ болсон яриаг оруулжээ.
“Болтоны гол асуудал бол сахал нь-, хэмээн Бэннон эгдүүцэв. –Трамп түүнийг гадаад төрхөөрөө төрийн нарийн бичгийн дарга болох хүн биш гэж үзэж байгаа. Болтон огт таалагдахгүй байгаа”.
Цааш нь Эйлс Болтоны зочид буудалд болсон зодоон, эмэгтэй хүнд хүч хэрэгэлсэн зэрэг асуудлыг ярьсан гэнэ. Энэ үед Бэннон “Хэрвээ би үүнийг Трампт хэлчихвэл ч түүнийг энэ албан тушаалд томилчихно доо” гэжээ.
7. Трамп хордохоос айж,
Макдоналдс иддэг
Номонд мөн Трампын Цагаан ордонд мөрддөг хатуу дүрэм журмаас оруулжээ. Тухайлбал, ажилчдаас нь нэг нь ч түүний хувийн эд зүйлсэд хүрч болохгүй гэнэ. Ялангуяа шүдний сойзонд нь хүрэх эрхгүй.
Ерөнхийлөгч эд зүйлсээ хаана орхисон, тэр газраа л байгаасай гэж хүсдэг бөгөөд тараагаад тавьсан бохир хувцаснуудаа ч эмхлэхийг зөвшөөрдөггүй гэнэ. Энэ дүрэм нь Трампын өөрийг нь хордуулчих вий гэсэн айдсаас үүдэлтэй гэж Вулф үзэж байна.
“Тэрбээр эртнээс хордчих вий гэсэн айдастай амьдардаг болсон. Ийм болохоор л Макдоналдсаар байнга хооллодог шалтгаан нь энэ. Түүнийг ирэхэд хоолыг шинээр бэлтгэдэг гэдгийг хэн ч мэдэхгүй”.
8. Ерөнхийлөгч унтлагын өрөөнийхөө үүдэнд түгжээ хийхийг зарлигджээ
Трамп нэмэлт хүсэлт болгож унтлагын өрөөндөө хоёр зурагт тавихыг шаарджээ. Мөн унтлагын өрөөндөө түгжээ хийхийг шаардсан нь уламжлалыг эвдсэн байна. Түүнчлэн тэрбээр Жон Кеннедийгээс хойш эхнэрээсээ тусдаа унтдаг анхны Ерөнхийлөгч болжээ.
“Эхний өдрөө тэр нэг зурагт дээрээ нэмж дахиад хоёрыг захиалж, бас хаалгандаа түгжээ хийхийг шаардсан. Үүнээс болж Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны ажилтнуудтай бяцхан зөрчилдөөн үүссэн. Тэд энэ өрөөнд орж ирэх боломжтой байх ёстой гэсэн байна”.
9. Трампын Сирид болсон химийн тулааны талаар Иванкагийн танилцуулгаас мэдсэн
Трампын засаг захиргааг 2017 оны дөрөвдүгээр сарын эхээр Башар Асадын дайчид химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн хэргийн хариуд Сирийн агаарын цэргийн баазад пуужингийн цохилт хийсэн гэж магтдаг.
Гэхдээ Вулфын баталж буйгаар Трамп пуужингийн цохилт хийх тухай шийдвэрийг зөвхөн генерал Макмастерийн зөвлөгөөгөөр бус, Иванка Трампын PowerPoint дээр гаргасан химийн халдлагын үр дагаврын гэрэл зураг бүхий танилцуулгаас болж гаргасан гэнэ.
“Иванка эцгийгээ яаж хөдөлгөж чадах вэ гэдгээ аль эртнээс мэднэ. Түүний сэтгэл хөдлөлд дарамт үзүүлэх хэрэгтэй.
Хоёр эмэгтэй Ерөнхийлөгчид энэхүү танилцуулгаа хийх үеэр тэрбээр хэд хэдэн удаа хараад, гайхаж шогширчээ. Ерөнхийлөгчийн үйлдлийг Бэннон “трампизм нүдэн дээр нь хайлан урсах шиг л болсон” гэж тайлбарлажээ. Эдгээр аймшигтай гэрэл зургийг хараад бид үүнийг тоолгүй орхиж болохгүй гэсэн байр суурьтай болсон”.
10. Трампын зөвлөхүүд түүний оюутны чадавхид эргэлздэг
Энэ ном дээр хамгийн их гардаг зүйл бол Трамптай хамгийн ойр байдаг хүмүүс ч түүний оюуны чадавхи, улс орныг удирдах чадварт эргэлздэг явдал гэнэ.
“Ерөнхийлөгчийг ойлгохгүй байна гэдгийг ямар нэгэн байдлаар илэрхийлэхийг оролдсон хэн бүгд түүнийг хангалттай мэдлэггүй гэдгийг мэдэхгүй. Тэр ч үүндээ санаа зовдоггүй бөгөөд өөрийнхөө зөв гэдэгт бүрэн итгэдэг.
Стив Мнучин, Райнс Прибусын хувьд тэр “тэнэг.” Хэри Коны хувьд тэр “түгжрэл мэт бөглүү тэнэг”. Херберт Макмасверийн хувьд тэр “усан тэнэг”. Жагсаалт цаашид үргэлжилнэ”.