Дональд Трамп: Татварын шинэчлэлийн хуулийг баталбал эдийн засаг хурдацтай өсөж эхэлнэ
Бүгд Найрамдах намын гишүүд АНУ-ын татварын шинэчлэлийн тухай хуулийг баталж чадвал эдийн засаг хурдацтай өсөж эхэлнэ гэж Дональд Трамп мэдэгдлээ. Өнгөрсөн баасан гарагт Бүгд Найрамдах намын хууль тогтоогчид 503 хуудас бүхий хуулийн төслийг танилцуулсан юм. Үүний дараа Сенат дахь эрх баригч намын хоёр гишүүн татварын шинэчлэлд эсрэг санал өгч магадгүй гэдгээ илэрхийлээд байна. Төлөөлөгчдийн танхим болон Сенатын гишүүд энэ долоо хоногийн дундуур татварын шинэчлэл хийх эсэх асуудлаар санал хураах товтой байгаа юм. Хэрвээ хуулийн төсөл дэмжигдвэл Дональд Трамп ажлаа хүлээн авснаасаа хойших томоохон хууль батлах үйл явцад ялалт байгуулна гэж ажиглагчид харж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Татварын шинэчлэл хийснээр дундаж давхаргынханд үр өгөөжөө өгөөд зогсохгүй, ажлын байр нэмэгдүүлэхэд дэмжлэг болно. Үүнээс гадна хилийн чанадад төвлөрч байгаа мөнгөн хөрөнгийг эх орондоо эргүүлэн авчрах нөхцөл бүрдэнэ. Гэхдээ эдийн засгийн өсөлтөд хамгийн ихээр нөлөөлнө. Одоогийн байдлаар АНУ-ын эдийн засгийн өсөлт гурван хувьтай байна. Харин татварын шинэчлэлийн хуулийг баталснаар эдийн засаг 4-6 хувиар тэлэх боломжтой. Өөрөөр хэлбэл эдийн засаг хурдацтайгаар өсөж эхэлнэ" гэж мэдэгджээ.
Дональд Трамп америкчуудын санхүүгийн зах зээлийн итгэлийг сэргээж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд томоохон алхам хийж байна гэж Цагаан ордон мэдээлжээ. Төлөөлөгчдийн танхим мягмар гарагт санал хураах товтой байгаа бол Сенатын хувьд нөхцөл байдал тодорхойгүй байгаа юм. Сенатын олонхын бүлгийн дарга Митч Макконнелл энэ долоо хоногт багтаан хуулийн төслийг эцэслэн батална гэж мэдэгдээд байна.