“Stars Wars: The Last Jedi“ нээлтээ хийсэн даруйдаа хамгийн өндөр орлого олсон хоёр дахь кино боллоо
"Оддын дайн" цувралын шинэ анги "The Last Jedi" кино нээлтээ хийсэн даруйдаа бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон хоёр дахь киногоор нэрлэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт нийт 220 сая ам.долларын орлого олсон тус кино 2015 онд гарсан өмнөх анги "The Force Awakens" киноны амжилтыг удаалж байна. Хоёр жилийн өмнө үзэгчдийн хүртээл болж байсан "The Force Awakens" кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 247.9 сая ам.долларын орлого олж, дээд амжилт тогтоож байсан юм. Харин "Stars Wars: The Last Jedi" киноны олон улс дахь орлого 450 сая ам.доллараар хэмжигдэж байна. Энэ нь олон улсад нээлтээ хийсэн даруйдаа бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон эхний 10 киноны тоонд багтсан үзүүлэлт болж байгаа аж.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн онцлох кинонуудын нэг "20th Century Fox Animation"-ийн бүтээл "Ferdinand" 3D хүүхэлдэйн кино “Box Office”-ийн жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. 111 сая ам.доллараар бүтсэн энэхүү хүүхэлдэйн кино Хойд Америкийн кино театруудаас 13 сая ам.долларын орлого олжээ.