АНУ, Япон, Европын холбоо Хятадад худалдааны шахалт үзүүлнэ
АНУ, Япон, Европын холбооны улсууд нэгдэж, Хятадын худалдааны асуудал, тухайлбал гангийн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, албадлагаар технологи шилжүүлэх гэх мэт зүйл дээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ бол Трампын засаг захиргаа олон улсад эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах цөөн алхмын нэг болно. Дэлхийн худалдааны байгууллагын чуулганы үеэр тус гурван эдийн засгийн төлөөлөл уулзаж, ган зэрэг чухал салбар дахь хүчин чадлын үлэмж илүүдэл, үүнд улсын татаас, төрийн санхүүжилт болон улсын үйлдвэрүүдийн үүрэг зэрэг асуудлыг авч хэлэлцэв. Түүнчлэн Хятад тэргүүтэй улсууд гадаадын хөрөнгө оруулагчдын оюуны өмч, агуулга ба өгөгдлийг орон нутгийн компанид шилжүүлэхийг шаардаж байгааг авч үзсэн байна.
ДХБ-ын ач холбогдол буурч буй үед ноён Трамп Хятадтай эдийн засгийн холбоогоо хөргөх талаар ярьж байгаа тул гурван талын мэдэгдэлд Хятадыг нэр заан дурдахгүй байхаар тохиролцжээ. Гэхдээ Бээжингийн эдийн засгийн хүч улам бүр өсөн нэмэгдэж буйд талууд түгшиж байгаа нь энэхүү баримт бичигт тусгалаа олно гэж албаныхан мэдээлэв. Энд Трампын засаг захиргаанаас тавьсан хоёр гол асуудал болох хямд металлын экспорт ба оюуны өмчийн асуудал багтаж байна. Трамп болон түүний туслахууд Хятадын худалдааны статусын талаар мөрдөн байцаалт эхлүүлсэн нь эцэстээ худалдааны хориг буюу нэмэлт тариф тогтооход хүргэж болзошгүй.
Харин ЕХ ба Японы хувьд Трампын захиргааг дангаар хэлэлцээ хийхээ зогсоож, ЕХ болон Японтой хамтрах нь АНУ- ын эрх ашгийг хамгаалахад илүү боломж олгоно гэж итгүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Түүнчлэн протекционизмын давалгаа үүсэхээс болгоомжилж байна. Швейцарын Галлены их сургуулийн судлаач Саймон Эвенеттийн гаргасан тайланд 2008 оны санхүүгийн хямралаас хойш авсан протекционист арга хэмжээнүүд ЕХ-ны экспортын өсөлтийг саатуулсан гэсэн дүгнэлт хийжээ. Түүний бодлоор улсын татаас уг арга хэмжээний хөдөлгөгч хүчин зүйл болж байв. Ноён Эвенетт “Энэ бол өмнөх үеийнхний тооцож үзсэн протекционизм биш. Харин ДХБ-ын дүрэм журмын цоорхой, ялангуяа татаастай холбоотой заалтыг ашигласан явдал” хэмээн тайлбарлав ЕХ-ны төлөөлөгчид ДХБ-ыг худалдааны тэмцэл явуулах талбар хэмээн зөвшөөрч, дангаар хэлэлцээ хийхээс татгалзахыг ноён Трампт итгүүлэх бодолтой байна.
“ДХБ-д гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь” гэдэг нэртэй уг баримт бичгийг Аргентины нийслэл Буэнос Айрес хотод 164 гишүүн орны сайд нарын уулзалтын үеэр боловсруулав. Трампын захиргаа тус байгууллагыг дайрах болсныг олон шинжээч хар үүл үүсгэлээ хэмээн шүүмжилж буй. АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер ДХБ-ын чуулганд хэлсэн үгэндээ “Тус байгууллага яриа хэлэлцээнд төвлөрөхөө больж, гомдол хүлээн авдаг газар болсон” хэмээн шүүмжилсэн юм. Тэрбээр үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдэл, улсын үйлдвэрүүд дэлхийн худалдааг бусниулж байгаа зэрэг асуудалд төвлөрөхийг уриалсан байна. Ноён Лайтхайзер цааш нь ДХБ-ын журам Хятад зэрэг шинээр хөгжиж буй эдийн засгуудыг зарим шаардлагаас чөлөөлж байгааг шүүмжлэв.
Хэрэв та энэхүү хөрвүүлэгчийн сайжруулсан хувилбарыг Майкрософт Ворд, Эксел, Поверпойнт, ОпенОффис
Шон Доннан