Франц улс сургууль дээр гар утас ашиглахыг хориглолоо
Францын эрх баригчид ирэх оны есдүгээр сараас эхлэн сургууль дээрээ гар утас ашиглахыг хориглох шийдвэр гаргажээ. Хэдийгээр сургууль руугаа утсаа авч ирж болох боловч хичээл тарах хүртэл шүүгээндээ цоожлох ёстой аж.
Зургаан настай бага ангийнхнаас эхлээд дунд ангийн 15 хүртэлх насны хүүхдүүдэд энэ хориг үйлчлэх юм. Энэхүү хориг нь Ерөнхийлөгч Эммануель Макроны кампанит ажилд дурдагдсан байжээ.
Харин эцэг эхчүүд, хүүхдүүд энэхүү шийдвэрийг тийм ч таатай хүлээн авахгүй байгаа аж. 13 настай хүү “Хэн утсыг маань хурааж аваад, хэн буцааж өгөх юм бол, ийм шийдвэр гаргах ямар хэрэгтэй юм бэ?” гэсэн бол нэгэн ээж “Миний охин сургууль руугаа ганцаараа явж, ганцаараа гэртээ ирдэг. Тиймээс миний хүүхэд утастай байх нь зайлшгүй хэрэг” гэжээ.
Эрх баригчид энэхүү хоригийг хэрэгжүүлэхийн тулд 23 сая ам. доллар зарцуулахаар төлөвлөсөн аж.
Эх сурвалж: Telegraph