Ижил хүйстнүүдийн ген өөр гэдгийг эрдэмтэд тогтоожээ
Хүний бэлгийн чиг хандлагатай холбоотойгоор ген дээр хийсэн судалгааны үр дүнд ижил хүйстэндээ татагдах нь хүний ДНК-тай холбоотой гэдгийг тогтоожээ. Эрдэмтэд 1000 ижил хүйстэн эрэгтэй болон мөн тооны эсрэг хүйстэн эрчүүдийн ДНК-ийг бүтнээр нь судалж үзсэн аж.
Ингээд ижил хүйстнээ сонирхдог эрчүүдийн SLITRK5 болон SLITRK6 генүүд эсрэг хүйстнээ сонирхдог эрчүүдийнхээс өөр болохыг тогтоосон байна. SLITRK6 нь хүний тархины хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг зохицуулах гипоталамусд идэвхтэй байдаг аж.
Гипоталамус нь бэлгийн чиг хандлага тодорхойлох гормоныг ялгаруулах үүрэгтэй төдийгүй ижил хүйстнээ сонирхдог эрчүүдийнх бусад эрчүүдийнхээс 34 хувиар том байжээ.
Судалгааны ажлыг ахалсан доктор Алан Сандерс “Бэлгийн чиг хандлага гэдэг хувь хүний болоод нийгмийн хувьд тун чухал асуудал учраас хүний бэлгийн чиг хандлага хэрхэн бүрэлддэг болохыг ойлгож мэдэх нь зайлшгүй зүйл юм” гэсэн аж.
Харин Оксфордын их сургуулийн профессор Гил МкВеан “Бэлгийн чиг хандлага гэдэг маш олон хүчин зүйлээс шалтгаалж болно. Амьдарч буй орчин нөхцөл, туулж өнгөрүүлсэн зүйлсээс ч болж болох бөгөөд энэхүү судалгааны тайлан ямар нэгэн чухал үр дүн гаргасан гэдэгт би итгэхгүй байна.
Учир нь хүний бэлгийн чиг хандлагыг урьдчилан таамаглах, тодорхойлоход генийн нөлөө тун бага” гэжээ.
Эх сурвалж: News.gogo.mn