Владимир Путин: Сирийн иргэний дайныг эцэс болгох бодит боломж бий
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Сирид 6.5 жил үргэлжилсэн иргэний дайныг эцэс болгох бодит боломж бий" гэж мэдэгдлээ.
Тэрээр Сирид энх тайван тогтоох санаачилгын хүрээнд Турк, Ираны эрх баригчидтай уулзсан юм. Энэхүү уулзалтын дүнд талууд зөвшилцөлд хүрч, Сирид шинэ үндсэн хууль батлах, Ерөнхийлөгч Башар Аль-Ассадын улс төр дэх үүрэг оролцоо чухал гэдгийг онцолжээ. Үүнтэй холбогдуулж Башар Аль-Ассад Сирийг удирдсаар байх нөхцөл бүрдэж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. ОХУ, Иран, Туркийн эрх баригчдын энэхүү Сочи хот дахь уулзалт нь Сирийн Ерөнхийлөгч ОХУ-д гэнэтийн айлчлал хийснээс хоёр хоногийн дараа болсон гэдэг нь олон улсад анхаарал татаж байгаа юм. Владимир Путин үүний өмнө АНУ, Катар, Саудын Араб, Израйль, Египетийн эрх баригчидтай уулзсан. Энэ хүрээнд түүнийг олон улстай хийх дипломат харилцаагаа идэвхжүүлж байна гэж ажиглагчид дүгнэжээ.