Д.Трамп “АНУ НЭГДҮГЭЭРТ” бодлогоо хэрэгжүүлж эхэллээ

2017 оны 11 сарын 17

АНУ-ын Конгресс 2018 оны санхүүгийн жилийн Холбооны Засгийн газрын төсвийн төслөө баталж, Пентагоны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, Батлан хамгаалах салбарт 58 сая ам.доллар нэмж хуваарилсан тухай ТАСС агентлаг мэдээллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 оны төсвийн төсөлд батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлж, Засгийн газрын бусад зарцуулалтыг танахаар тусгасан билээ. Цагаан ордны тэргүүн 2018 оны санхүүгийн жилийн төсвийн төслөө Конгресст албан ёсоор танилцуулахдаа “Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын зарцуулалтыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын агентлаг бусад төсөл хөтөлбөрийн төсвийг “түүхэн” хэмжээгээр бууруулахаар төлөвлөсөн. Тухайлбал, төрийн Департментын зардлыг 2016 оныхоос 28, хөдөө аж ахуйн зардлыг 29, хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагийн зарцуулалтыг 30 хувиар танана” хэмээн мэдэгдэж байсан юм. Мөн олон улсын тусламж, хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зарцуулалтыг бууруулахад Трампын Засаг захиргаа анхаарч байгаа аж. Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа Барак Обамагийн засаглалын үеийн “зөөлөн хүчний” бодлогын санаачилгад зарцуулж байсан шаардлагагүй зарцуулалтыг танаж, кампанит ажлынхаа үеэр дэвшүүлсэн “АНУ нэгдүгээрт” бодлогыг засаглалдаа хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. Дональд Трамп дэлхийд батлан хамгаалах салбарын зарцуулалтаараа тэргүүлдэг АНУ- ын Батлан хамгаалах салбарын төсвийг 10 хувиар нэмэхээр шийдсэн нь “АНУ нэгдүгээрт” бодлоготой нь холбоотой гэж шинжээчид үзэж байна. АНУ Батлан хамгаалах салбарын төсвөө 10 хувь буюу 58 сая ам.доллараар нэмэгдүүлбэл 2018 онд тус улсын батлан хамгаалахын зарцуулалт 571 тэрбум ам.долларт хүрэх юм. Пентагон 2018 төсвийн зарцуулалтаа цэргийн зэвсэг, техникээ шинэчлэхэд ашиглах төлөвлөгөөтэй байна. Урьдчилсан мэдээгээр АНУ-ын тал Оросын дундын зайн тусгалт баллистик пуужингийн “Калибр” далавч худалдан авч магадгүй гэнэ. Вашингтоны өмнөх эрх баригчид Оросоос баллистик пуужин авах талаар 2014 онд хэлэлцсэн ч тохиролцоонд хүрээгүй билээ. Оросын Батлан хамгаалах яам энэхүү стратегийн далавчит пуужингаар Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн цэргийн баазад 2015 онд цохилт өгчээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, уг пуужин нь 5500 километрийн тусгалтай юм. Түүнчлэн Дотоод яамны төсвийг долоон хувиар нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Хэдийгээр дотоодын зарцуулалтыг танаж батлан хамгаалахын төсвийг огцом нэмэгдүүлж байгаа ч цаашид төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй гэдгийг Дональд Трамп кампанит ажлынхаа үеэр амласан юм. Амлалтаа биелүүлэхийн тулд дотоод болон гадаадын тусламжийн төсөл, хөтөлбөрийг өмнөх Ерөнхийлөгчдийн засаглалын үед байгаагүй их хэмжээгээр бууруулахыг зорьж байна. Дотоодын төсвийн хүрээнд АНУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүмүүсийн тэтгэврийг жилийн 200 мянган ам.доллар болгон бууруулжээ. Өмнө нь Жимми Картер 230 мянга, эцэг Буш 600 мянга, Билл Клинтон 700 мянга, хүү Буш 800 мянга, Барак Обама 536 мянган ам.долларын тэтгэвэртэй байв. Мөн хөгжиж буй орнуудад үзүүлэх тусламж үйлчилгээний хэмжээ ч үүнийг дагаад буурч магадгүй. Энэ талаар “АНУ-ын ард иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд бид хүндхэн сонголтыг хийх ёстой. Учир нь, бид энэ арга хэмжээг авахыг урт хугацаанд хойшлуулсаар ирсэн. Хэдий хугацаа хожимдсон ч гэлээ шаардлагатай хөрөнгө оруулалт байх болно” гэж Дональд Трамп мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49822
0 эможи
keyboard_arrow_up