Ангела Меркель: Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө хамгийн тулгамдсан асуудал
"Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө хамгийн тулгамдсан асуудал" гэж ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель мэдэгдлээ. Дэлхийн 200 орчим улсын эрх баригч, төлөөлөгчид уур амьсгалын асуудлаар Германы Бонн хотноо чуулж байна.
Оролцогч талууд Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд зохих дүрмүүдийг боловсруулах талаар голлон хэлэлцэж байгааг ажиглагчид онцолжээ. Германы Канцлер Ангела Меркель “Бид бүхэн дэлхий нийтийн өмнө хамгийн тулгамдсан нь гэж хэлж болох асуудлын төлөө энд цуглараад байна. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь бид бүхний аж төрөх, амьдралыг шийдвэрлэх маш чухал асуудал. Тухайлбал, цаашид Номхон далайн арлуудад хүн амьдарч чадах уу гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаална” гэж мэдэгдсэн байна. ХБНГУ чухам хэзээнээс нүүрсний хэрэглээгээ зогсоох талаар тодорхой амлалт өгөхөөс татгалзаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч орнуудад таагүй мэдээ болж байгаа ажээ. Ногоон хөгжлийг эрхэмлэгч хөгжиж буй орнууд энэ удаагийн уулзалтаар дамжуулж Германы Канцлер Ангела Меркелийг нүүрсний станцуудаа хязгаарлахыг уриалж байгаа юм. Тэрбээр өмнө нь цөмийн станцтай холбоотой олон улсын уриалгыг хүлээн авч байжээ.