Дэлхийд гадуурхагдсан Монгол

2017 оны 11 сарын 13

“Монгол Улсын гадаад нэр хүнд түүхэнд байгаагүйгээр өслөө”. Энэ бол улстөрчдийн шоуны үндсэн агуулгуудын нэг. Чухамдаа төрийн тэргүүнд гарагсад болон засгийг удирдагч нар өөрсдийнхөө цаг үеийг товойлгохын тулд олон улс дахь нэр хүндээр тоглолт хийдэг.Гэвч үүнийг тодорхойлон гаргахад хэцүү. Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй энэ нэр хүндийг үгүй ядаж эдийн засгийн гадаад харилцаагаараа дүгнэж болохоор. Тэгвэл яг одоо Монгол Улс дэлхий ертөнцийн хаахна явна вэ. Олон улс биднийг саяхныг болтол буцалтгүй тусламж горьдогчдоор төсөөлдөг байв. Харин дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш огцом өссөн 2010-аад онд манай улс голлох ордуудаа ашиглахаар бодлого гаргасан.Энэ бодлого ч үр дүнгээ өгч Монгол Улс тусламж хүссэн ядуу орноос хамтын ажиллагааны ашигтай хувилбаруудын нэг болтлоо суга өссөн билээ. Монгол гэж ямар улс, хаана байдгийг ч мэдэхгүй дэлхийн томчууд манайхаар саатаж, тэр хэрээр мөнгө төгрөг ч үерийн ус шиг урсан орж ирсэн.

Өөрөөр хэлбэл бид дэлхийд данстай улсын тоонд орсон байсан юм. Гэвч энэ нэр хүнд, хөрөнгө оруулалт манайд хурцдаж, том юман дээр тоглож сураагүй улстөрчдийн балгаар бүх зүйл орвонгоороо эргэсэн. Одоо бидэнд нэр хүнд, харилцагч, хөрөнгө оруулагч нарын аль алин нь байхгүй болжээ.

Үүнийг хамгийн ойроор жишээлэн тайлбарлавал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ази тив дэх айлчлалаараа Монголоос бусад бараг бүх улсад очиж байна. Тэрбээр Америкийн эрт цагийн өстөн ОХУ-д ч очих бөгөөд энэ айлчлал нэр төдий үйл явдал биш асар том түншлэлийн эхлэлийг тавих гэж байгаа аж. Харин манай өмнөд хөрштэй хамтарч онгоц үйлдвэрлэн, технологийн салбарт маш том гэрээ байгууллаа. Тэр гэрээний мөнгөн дүн нь манай улсын таван жилийн ДНБ-тэй тэнцэхүйц юм билээ.Гэтэл бид өнгөрсөн зууны түүхээсээ ч салж чадахгүй, дэлхийн зах зээл болсон Хятад улсыг зүхэж, хараасаар. Эдийн засгийн хөгжлийн үндэс суурь болохуйц том гэрээ хэлэлцээрүүдийг алгасч, зөвхөн Эрээн-Улаанбаатарын хооронд наймаа зөөх төдийгөөр хамтын ажиллагаатай байгаа нь үнэн. Занаж зүхсээр л байгаа тул өнөөг хүртэл бид нүүрс зөөх төмөр замгүй, бидний элдэв араншинд гэдэн нь хөдөлсөн хятадууд хэзээ хилээ хааж сандаргах бол гэсэн айдастайгаар ачааны машинаар түүхий эдээ үлгэн салган зөөхчөө аядаж байгаа.Тэгвэл бид Хятад улсыг хойш тавьж Оростой ахан дүүсийн найрамдлаа сэргээнэ гэж байх хойгуур манай хоёр хөрш аль хэдийнэ Монголыг тойрсон төмөр замын сүлжээгээ бариад эхэлчихлээ. Чухам бид яагаад Орос, Хятад хоёрыг хамтын ажиллагааны гэрээг хэзээ ч байгуулж чадахгүй гэж мунхаглаж байсан юм бол.

Олон улсад энэ бүхэн Монголыг болж бүтэхгүй, хамтарч ажиллахад бэрх мэтээр ойлгуулж байгаа тул өдгөө манайхыг зорьж ирэх хөрөнгө оруулагч гарч ирэхгүй гэсэн юм. Харин энх цагт гэрээ хийж амжсан гадны хэдэн компани гэрээний хугацааг дуусахыг тэсэн ядан хүлээж байгаа гэхэд хилсдэхгүй. Учир нь Монгол Улсад бүтэн жилийн нүүр үздэг бодлого гэж үгүй. Засаг төрийнх нь ажиллах хугацааг ч хэдхэн сараар хэмжин тооцоолох шаардлагатай, оруулсан мөнгөө буцаан авах найдвар үгүй. Яг л ийм тодорхойлолтоор Монгол Улс оршиж байна. Оршин буй газар нутаг нь төв Азийн цээжинд гэдэг ч даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцөд бидэнд хөл нийлүүлэн алхах орон зай тун ч хомс болсон нь маргашгүй үнэн билээ.

Нийтлэлч:

Э Энх-Амгалан

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
1
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
1
angry an post
7
49495
52 эможи
keyboard_arrow_up