“Facebook“-ийн III улирлын цэвэр ашиг 80 хувиар өсөж, 4.7 тэрбум ам.доллар хүрэв
"Facebook" компанийн III улирлын ашиг жилийн дүнгээр 80 хувиар өсөж, урьдчилсан таамгаас давсан байна. Тайлант хугацаанд компанийн орлого 47 хувиар өсөж, 10.3 тэрбум ам.долларт хүрч шинжээчдийн таамгийг давжээ.
Харин цэвэр ашиг нь 4.71 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Мөн "Facebook"-ийг тогтмол хэрэглэгчдийн тоо 1.37 тэрбумд хүрч өсжээ. Ингэснээр гар утасны флатформд суурилсан сурталчилгаа нь нэмэгдэж байгаа юм. Ялангуяа видео сурталчилгаа өссөнөөр "Facebook" үндсэн цэсэндээ "Youtube"-д суурилсан "Watch" цэсийг нэмсэн. Үүнээс гадна "Instagram"-ийн хэрэглэгчид 800 сая хүрсэн нь "Facebook"-ээс шууд "Instagram"-д холбогдох сурталчилгааны холбоосууд нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Үүнээс гадна ОХУ "Facebook"-ийн хуурамч хаягуудыг ашиглан улс төрийн эсрэг ухуулга хийж байгаа талаар АНУ-ын Сенаторууд шүүмжилж байгаа юм. Сүүлийн хоёр жилд эдгээр хуурамч хаягийн нийтлэлүүд 126 сая хүнд хүрсэн гэх судалгаа гарчээ. Харин "Facebook" нийгмийн бүх давхаргад мэдээллээ хүргэдэг учир хүчирхийлэл, терроризмын эсрэг аюулгүй байдлаа улам чангатгахаар болсон. Мөн ОХУ-д нээгдсэн хуурамч хаягуудыг хаахын тулд аюулгүй байдал хариуцсан ажилчдынхаа тоог хоёр дахин нэмж, 20 мянга болгоно гэж мэдээлсэн юм. Цаашид хэрэглэгчид болон үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд Конгресс, Тагнуулын төв газартай хамтран ажиллахаар зорьж байна.