Британий батлан хамгаалахын сайд эмэгтэй хүний өвдөгт хүрсэн шалтгаанаар огцорлоо
Британий улс төрчдийг тойрсон бэлгийн дарамтын дуулианы үр дүнд албан тушаалаасаа огцорсон эхний хүн тус улсын батлан хамгаалахын сайд Майкл Фэллон боллоо.
Өчигдөр Фэллон огцрох өргөдлөө ерөнхий сайд Тереза Мэйд хүргүүлсэн байна. “Сүүлийн үед парламентийн гишүүдтэй холбоотой хэд хэдэн дуулиан гарсны нэг нь миний өмнө гаргаж байсан үйлдэлтэй холбоотой юм. Хэдийгээр тэдгээрийн ихэнх нь худлаа гүтгэлэг боловч би өөрийн төлөөлж байгаа зэвсэгт хүчний салбарын өндөр стандартад нийцээгүй үйлдэл гаргаж байснаа хүлээн зөвшөөрч байна” гэж тэр өргөдөлдөө бичжээ.
Энэ долоо хоногт тэр сэтгүүлч Жулиа Харли Брюэрийн өвдгөн дээр гараа тавьж байсан олон жилийн өмнөх үйлдэлдээ уучлал гуйсан юм.
2002 онд болсон энэ явдал сайдыг огцроход дангаар нөлөөлсөн гэж бодохгүй байгаагаа сэтгүүлч эмэгтэй мэдэгджээ.
Тэр Sky News сувагт ярихдаа “Өөр олон шалтгаан байхаа байх. Зөвхөн миний өвдгөнд хүрсэн шалтгаанаар ингэсэн гэдэгт би эргэлзэж байна. Хэрвээ тийм бол энэ тэнэг хэрэг” гэсэн байна.
Фэллон BBC сувагт ярихдаа “Урт хугацааны туршид нийгмийн соёл өөрчлөгдөж байна. 10, 15 жилийн өмнө энгийн зүйлд тооцогддог байсан юмс өнөөдөр бурууд тооцогддог болжээ” гэжээ.
Дээрх дуулиантай холбогдуулан ерөнхий сайд Тереза Мэй парламентийн гишүүдийн биеэ авч явах хэм хэмжээг чангатгахыг уриалж, бусад намын лидерүүдтэй ирэх долоо хоногт уг асуудлаар уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна.
Фэллоны хүсэлтийг хүлээж авсан Мэй түүний гаргасан бусдад үлгэр жишээ болохуйц шийдвэрийг таатай хүлээж авснаа хариу мэдэгджээ.
2014 оноос эхлэн батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Фэллон консерватив намын хамгийн буурьтай, тогтвортой гишүүдийн нэгэнд тооцогддог байв.
Сүүлийн байдлаар нам дотроо Тереза Мэйгийн дэ факто орлогч гэгддэг Дэмиан Грин сэтгүүлч эмэгтэй Кэйт Мэлтбайн өвдгөнд гараа хүргэж, дараа нь өдөөн хатгасан мессэж бичсэн гэх хэрэг ил болоод байгаа юм.
Гэвч тэр өөрөө үүнийг эрс няцааж байгаа. Худалдааны сайд Марк Гарниер 2010 онд нарийн бичигтээ сэкс тоглоом худалдаж авчрахыг даалгаж байсан нь бас илрээд шалгагдаж байна. Энэ бүхэн зөвхөн эрх баригч консервативуудыг дайрсангүй. Мягмар гарагт хамгийн том сөрөг хүчин болох Лэйборист намын нэгэн гишүүн зургаан жилийн өмнө намынхаа журмын нөхөрт хүчиндүүлснээ ил гаргасан юм. Одоо 25 настай Бэкс Бэйли BBC сувагт ярихдаа “Хэргийн талаар би намынхаа дээд албан тушаалтанд хэлэхэд тэр намайг чимээгүй байхыг сануулсан” гэж мэдэгдсэн нь байдлыг бүр ноцтой болгожээ.
Лэйборист намын дарга Жереми Корбин түүний эр зоригийг магтан сайшааж, уг хэргийг шалгахаа амлаад байна.
Эх сурвалж: AFP