“Харри Поттер“-ыг Монгол хэл дээр орчуулж байна
Их Британийн зохиолч Ж. К. Роулингийн шидтэн хүүгийн тухай өгүүлсэн дэлхийд алдартай зохиолыг Монголын хүүхэд, залуучуудад зориулан Монсудар хэвлэлийн газар, зохиогчийн эрхийн агент болох “The Blair Partnership”-ээс өгсөн албан ёсны зөвшөөрлийн дагуу 7 ботиор нь удахгүй гаргахаар болжээ.
Энэхүү цувралын эхний хоёр дэвтэр болох “Харри Поттер ба Философийн чулуу”, “Харри Поттер ба Нууц өрөө” нь 2017 оны 11 дүгээр сард хэвлэгдэн гарах аж. Тус зохиолуудыг, дэлхийд алдартай шилдэг бэстселлер болох "Хаан ширээний тоглоом" болон "Хосолмол" цувралын орчуулагч Н. Энхнаран орчуулжээ.
Анх Ж. К. Роулингийг 1990 онд Манчестерээс Лондоны Кингс Кросс хүрэх галт тэргэнд явж байх үед Харри Поттерын тухай бичих санаа төрсөн гэдэг. Дараагийн таван жилийн туршид тэрбээр цувралын бүх номын ерөнхий дүр зургийг гаргажээ. Тэмдэглэлүүд нь ихэвчлэн гар бичмэл бөгөөд ихэнх нь жирийн ноорог цаас дээр бичигдсэн байдаг. Зохиолч Ж. К. Роулинг (1965 онд төрсөн) хүүхдийн уран зохиолд оруулсан хувь нэмрээрээ “Ханс Кристиан Андерсений шагнал”-аас эхлэн Францын “Хүндэт Легионы одон” зэрэг олон шагналыг хүртсэн. Тэрбээр орчин үеийн хамгийн амжилттай зохиолчдын нэг төдийгүй энэрэнгүй үйлсийн төлөөх олон буяны үйлсийг дэмжигчдийн нэг юм.
Зохиолч хэдийгээр анх хүүхэд, залуучуудад зориулан зохиолоо бичсэн ч өдгөө Харри Поттер нас, хүйс харгалзахгүй хэн бүхний сонирхол татсан цувралууд болсны зэрэгцээ олон жилийн турш шалгагдсан үнэнч фенүүдтэй цөөхөн франчайзуудын нэг болж чадсан юм. Номын эхний дэвтэр 1997 онд Их Британи улсад анх хэвлэгдэн, удалгүй дэлхийн хамгийн шилдэг борлуулалттай ном болсон түүхтэй. Өдгөө тус цуврал 79 хэлээр орчуулагдан дэлхий даяар 450 гаруй сая хувь борлогдож, найман ангит кино бүтээгджээ.
Харин энэ удаа 80 дахь орны хэлээрээ Монголд уншигчдын хүртээл болох гэж байгаа нь энэ.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН