Дэлхийн хамгийн ЗАЛУУ УДИРДАГЧ
Австри улсад өнгөрсөн ням гаригт явагдсан Парламентын сонгуульд Себастьян Курцын тэргүүлсэн Ардын нам 32 хувийн санал авч, ялалт байгууллаа. Ингэснээр Австри улс дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайдтай болох нь тодорхой болов. Ардын намын тэргүүн Себастьян Курц энэ жил 31 настай юм. Ираклий Гарибашвили 2013 оны арваннэгдүгээр сард 31 нас, дөрвөн сар 22 хоногтойдоо Гүржийн Ерөнхий сайдаар томилогдож, дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайдаар тодорч байсан бол Себастьян Курц өдгөө 31 нас хоёр сартай юм. Тэрээр 2013 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Австрийн гадаад харилцааны сайдаар томилогдож, дэлхийн хамгийн залуу сайдаар тодорч байв.
Себастьян Курц 1986 оны наймдугаар сарын 26-ны өдөр Вена хотноо мэндэлжээ. Себастьяны ээж нь багш, аав нь инженер мэргэжилтэй хүмүүс байв. Тэднийх хотын 12 дугаар дүүрэгт амьдардаг байсан бөгөөд С.Курц одоо ч гэсэн яг тэр л дүүрэгтээ амьдарч байгаа аж.
С.Курц 1996 онд “Bundesgymnasium und Bundesrealgymnasium Erlgasse” гимназид элсэн суралцаж, 2004 онд төгсчээ. Төгсөлтийн шалгалтаа өгснийхөө дараа тэрээр шууд хугацаат цэргийн албанд явсан гэдэг. Халагдсаныхаа дараа Венийн их сургуулийн хуулийн ангид элсэн суралцаж, төгсөөгүй байхдаа Гадаад явдлын яамны дүрвэгсдийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон шуугиан тарьж байв. 2013 онд бүрдсэн эвслийн засгийн газарт орохдоо ч тэрээр их сургуулиа төгсөөгүй, оюутан хэвээрээ л байсан гэдэг.
Хуульч дипломат мэргэжилтэй энэ залуу одоо Австрийн Ерөнхий сайд болох бүлэн боломжтой болжээ.
Их сургууль ч төгсөөгүй хүн төрийн өндөр албан тушаалд томилогдсоны нууц нь С.Курцын улс төрийн карьертай холбоотой. Тэрээр дөнгөж 17 настай байхдаа Австрийн Ардын намд элсэж, 23-тайдаа залуучуудын байгууллагыг нь удирдах болсон юм. Намдаа өндөр албан тушаал хаших болсон тэрээр 2010 онд Вена хотын зөвлөлд сонгогдож, 2011 онд гадаад явдлын яаманд төрийн нарийн бичгийн даргаар очих хүртлээ ажиллаж байв. Харин 2013 оны арванхоёрдугаар сарын 16-нд Вернер Файман хоёр дахь танхимаа эмхлэн байгуулах үед тэрээр Гадаад харилцааны сайдаар томилогдож, Австри улс байгуулагдсанаас хойш тодорсон хамгийн залуу сайд болсон билээ. Тэрээр улстөрчийн хувьд үнэхээр нөлөөтэй нэгэн гэдэг нь сайдаар томилогдсоныхоо дараа нийгмийн асуудлыг өөрийн эрхлэх ажлын хүрээнд нэмж авч байснаас нь харагдана.
Тэгвэл хуульч дипломат мэргэжилтэй энэ залуу одоо Австрийн Ерөнхий сайд болох бүрэн боломжтой болжээ. Түүний тэргүүлдэг Ардын нам парламентын сонгуульд 32 хувийн санал авч ялалт байгуулсан бөгөөд эвслийн Засгийн газар бүрдүүлэх ёстой болоод байгаа юм. Тэрээр сонгуулийн эцсийн дүн грсны дараа аль намтай эвсэхээ шийднэ гэж хэлсэн ч Эрх чөлөө намтай эвсэж магадгүй талаар яриа хэдийнэ гараад байгаа юм. Эрх чөлөө нам нь Австрийг Европын холбооноос гаргахыг идэвхитэй дэмждэг гэдгээрээ олон нийтэд танигдсан улс төрийн хүчин ажээ. Гэхдээ энэ нам 2000 онд Засгийн газарт орж ажиллахад Европын олон улс худалдаагаа багасгах мэтээр хориг арга хэмжээ авч байсан түүхтэй юм байна.
С.Курц бол үндсэрхэг үзэлтэн. Австрид үйл ажиллагаа явуулдаг лалын шашинтнуудын цэцэрлэгүүдийг хаах тушаал гаргасан нь энэ үзэлтэй нь шууд холбоотой. Тэрээр 2017 онд намын даргаар сонгогдсоноосоо хойш шинэ хүмүүсээр багаа бүрдүүлж, “Шинэ” Ардын нам гэж хэлсэн ч буруудахааргүй болгосон гэнэ. Үүгээрээ тэрээр өөрийгөө канадын Ж.Трюдо, Францын Э.Макроны зиндааны чадварлаг удирдагч болохоо харуулсан гэж барууны хэвлэлүүд бичиж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН