БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс 1.6 хувиар өслөө
Есдүгээр сард БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар өссөн болохыг тус улсын Үндэсний Статистикийн товчооноос мэдээллээ. Харин үйлдвэрлэлийн үнийн индекс жилийн дүнгээр 6.9 хувийн өсөлттэй гарсан байна.
Энэ нь шинжээчдийн таамгаас 0.5 хувиар өндөр дүн болж байгаа юм. Түүхий эдүүдийн ханш олон улсын зах зээлд өсөж, эрэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа нь тус улсын үйлдвэрлэлийн үнийн индекс өсөхөд нөлөөлжээ. Дашрамд дурдахад, БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн статистик мэдээг пүрэв гарагт танилцуулна. Үүнээс гадна хөрөнгө оруулагчид энэ сарын 18-ны өдөр эхлэх Коммунист намын XIX их хурлыг анхааралтай ажиглаж байна. Хурлын гол зорилго нь хорооны шинэ гишүүдийг томилох байдаг. Хэдий тийм боловч олон улсын ажиглагчид энэ удаагийн хурал улс төрийн гэхээсээ илүү цаашдын мөнгөний бодлого, Төрийн өмчит байгууллагуудын шинэчлэл зэрэг олон асуудлыг тодруулж өгөх зангилаа гэж харж байна.