Жеки Чан ганцхан нөхцөлд л “Rush Hour 4” кинонд тоглох болно
Хамгийн сүүлд "Rush Hour 3" кино 10 жилийн өмнө нээлтээ хийсэн билээ. Тэгвэл саяхан тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Жеки Чан "Rush Hour" киноны дөрөвдүгээр ангид тоглоно гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ тэрээр киноны хамтрагч, жүжигчин Крис Такер дүрдээ эргэн ирсэн тохиолдолд л төсөлд оролцоно гэдгээ The Cruz Show нэвтрүүлгийн үеэр хэлжээ.
"Сүүлийн хэдэн жилд бид маш олон кино зохиолуудаас татгалзсан. Гэхдээ саяхан бид нэгэн зохиол дээр санал нийлсэн байгаа" гэж Жеки Чан хуваалцсан байна. Мөн түүний хэлснээр кино зохиолын эцсийн хувилбар энэ сарын сүүлээр бэлэн болох бөгөөд зураг авалт ирэх онд эхлэх гэнэ.
Гэвч тус франчайзыг үргэлжлүүлэхэд нэг л асуудал байгаа аж. Тодруулбал одоогоор тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Крис Такер энэхүү төсөлд оролцох үгүй нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар Жеки Чан хэлэхдээ "Хэрэв Крис энэ кинонд тоглохыг зөвшөөрсөн тохиолдолд зураг авалт ирэх нэгдүгээр сард эхэлнэ" гэжээ.
"Rush Hour" киноны үйл явдалд Ли ба Картер гэх хоёр мөрдөгчийн хөгжилтэй адал явдлуудын тухай өгүүлдэг билээ.