“Wal-Mart“ компани бараа буцаалтыг хялбаршуулна
Жижиглэн худалдааны "Wal-Mart" компани бараа буцаалтыг хялбаршуулах зорилгоор гар утасны аппликэйшн ашиглахыг санал болгож эхэллээ. АНУ-д баярын улирал дөхөж байгаатай холбогдуулж тус компани худалдан авагчдынхаа цагийг хэмнэхийг урьтал болгож байна.
Ийнхүү “Wal-Mart”-ийн аппликэйшний тусламжтай худалдан авагчид бараа, бүтээгдэхүүн буцаах хүсэлтээ цахимаар урьдчилан мэдэгдэх боломжтой болж байна. Үүгээр бараа буцаалт таван минут биш ердөө 30 секундэд л хийгдэх нөхцөл бүрдэж байгааг тус компани мэдэгджээ. Үүнээс гадна зарим бараа, бүтээгдэхүүнийг худалдан авагч өөрийн биеэр буцаах шаардлагагүй болж байгааг онцолжээ.
“Wal-Mart”-ийн хувьд үйлчлүүлэгчдийн цахимаар захиалсан бүтээгдэхүүнийх нь бараг гуравны нэг нь буцаагдаж байгаа бол дэлгүүрээс худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнийх нь найман хувь нь л буцаагддаг гэсэн тоо баримтыг танилцуулсан байна.
Түүнчлэн АНУ-ын иргэд жилд дунджаар 260 тэрбум ам.долларын бараа буцаалтыг хийдэг аж. Худалдан авалт цахимаар хийгдэх нь нэмэгдэхээр хэрээр бараа, бүтээгдэхүүний буцаалт ихсэж байгааг шинжээчид онцолж байна.









