Хүчтэй үг хүчтэй бодлогын илэрхийлэл биш

2017 оны 10 сарын 04

2016 оны зургадугаар сарын 30-нд Филиппиний 16 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Родриго Дутерте тангараг өргөхдөө олныг сэртхийлгэсэн үг хэлээд авсан. Тэрбээр “Хар тамхины наймаачид хэмээх новшнууд манай хүүхдүүдийг устгаж байна. Үүнд оролцсон л бол цагдаа байсан ч хамаагүй хороох болно” хэмээн мэдэгдсэн юм. Ноён Дутерте хэлсэн үгэндээ хүрч, цагдаа нар баривчилгааны үеэр эсэргүүцсэн болгоныг буудах болов. Минданао мужийн Давао хотын захирагч байхдаа тэрбээр хар тамхины наймаачдын эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлж, олон хүнийг шүүхэд өгөлгүй хороосон хэмээн хүний эрхийн байгууллагууд буруутгадаг.

Гэвч түүний хатуу ширүүн үг, үйлдэл дотоод бодлогоор хязгаарлагдсангүй, өөрийг нь шүүмжилсэн гаднын улстөрчид рүү ч доромжилсон үгс чулуудаж эхэлсэн. Дутерте өнгөрсөн оны есдүгээр сард АСЕАН-ы уулзлалтын өмнөхөн хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама руу “муу нохойн гөлөг” хэмээн дайраад “Чи хүндэтгэлээ харуулах ёстой. Мэдэгдэл хийж, хоосон үг цацах хэрэггүй” хэмээв.

НҮБ-ын гишүүн улс нөгөөгөө устгахаар заналхийлсэн хэрэг боллоо

Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Муныг тэнэг хэмээн хочлоод “Чи бол ердөө л бас нэг тэнэг. Би гэмт хэрэгтнүүдийн эсрэг кампанит ажил явуулж байна. Харамсах зүйл алга” гэж мэдэгджээ.

Ойрын үед олон улсын харилцаанд ийм бүдүүлэг гэхэд багадахаар харгис гэхэд ихдэхээр хачин жигтэй үгс сонсогдоогүй юм. Түүний хэлсэн үг саяхны түүхэнд улстөрчийн ханшийг унагасан анхны тохиолдол болсон юм. 1989 онд Даваод Австралийн гэлэнмааг бүлэглэн хүчирхийлсэн хэргийн талаар түүний үгийг санахад хангалттай. “Түүний нүүрийг хараад би ээлжлэн хүчиндсэн нь харамсалтай гэж бодсон. Маш хөөрхөн бүсгүй байсан. Уур хүрч байв. Хотын захирагч эхнийх нь байх ёстой гэж бодсон шүү” хэмээн хошигносон гэхэд итгэмээргүй үг хэлжээ. Хожим хотын захиргаа уучлал эрсэн боловч ам алдвал барьж болдоггүйн үлгэрээр одоог хүртэл яригддаг.

Хачирхалтай нь, тэрбээр албан тушаалын шатаар өгссөөр Өмнөд Азидаа томд орох улсын Ерөнхийлөгч болжээ. Гэхдээ Филиппин олон улсад төдийлэн нөлөөтэй улс биш учир хэвлэлээр шуугиж, чанга эрийг од болгох нь намдсан тул тэгсгээд мартагдав. Харин 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Дональд Трамп хэмээх амтай, хөрөнгөтэй эрийн хэлсэн үг орчин үеийн улстөрчдийн дундаас төрсөн ардын аман зохиол болох төлөвтэй. Үзэсгэлэн гоо эхнэртэй, телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч асан энэ тэрбумтан бусдаас үг зээлдэхээргүй нэгэн.

Түүний хамгийн алдартай уриа нь “Америк эн тэргүүнд” гэсэн сонгуулийн сурталчилгаа байв. Ийм үгээр нэрийн хуудас болгосон нэр дэвшигч АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь жирийн сонгогчдын бодол санаа мөн адил хандлагатай байсныг гэрчилнэ. Гэвч олон улсын гэрээнүүдийг эргэн харах, импортын татварыг нэмэх, цагаачдыг зайлуулж, Мексикийн хил дээр хана барих гэх мэт зөрчилтэй санаачилга гаргасан нь одоог хүртэл хэрүүлийн алим болсоор буй. Ялангуяа “Вашингтоны намгийг хатаана” гэсэн үг нь Америкийн улс төрийн дээдэст таатай санагдаагүй бололтой. Түүнийг Кремлийн дэмжлэгтэй ялсан хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй буруутгаж, тусгай комисс байгуулан шалгах ажил өнөө хэр дуусаагүй байна.

Дээрх зөрчлийг ялагдсандаа шаралхсан Ардчилсан намтай сөргөлдөж буй Америкийн дотоодын хэрүүл гэж үзэж болох ч цөмийн пуужингаар заналхийлж буй Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай маргалдаж буй Трампын өнгө аясыг арай л их гүрний Төрийн тэргүүний амнаас гарамгүй үг гэж ажиглагчид бичжээ. Энд Хойд Солонгосын цөмийн ба пуужингийн туршилт, АНУ-ын нутагт цохилт өгч чадах, эсэх талаар ярихыг зорьсонгүй. Харин хэлэлцээний ширээнд суухын оронд нэг нь ихэрхэж, нөгөө нь шаралхан Номхон далайн хоёр эргээс үг шидэж буй хоёр орны удирдагчийн үйлдэл юунд хүргэх эрсдэл агуулж буй нь сонирхолтой.

Наймдугаар сарын эхээр Пхеньян Номхон далай дахь АНУ-ын эзэмшлийн Гаум арал руу пуужин харвахаар заналхийлэхэд ноён Трамп “догшин галаар” хариулахаа амлаж, “Өмнө нь дэлхийд хэзээ ч үзэгдээгүй зүйл тэдэнд тохиолдох болно. Би дээрэнгүйлж байгаа юм биш. Энэ бол зүгээр л баримт” хэмээсэн. Ийм сүрдүүлэг үр дүнд хүрэлгүй Хойд Солонгос зэвсгийн туршилтаа үргэлжлүүлсээр буй нь Трампын тэвчээрийг шалгаж, өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулганы индрээс бүр хатуу үг хэлэхэд хүргэлээ. АНУ-ын Ерөнхийлөгч “АНУ асар их тэвчээртэй бөгөөд хүчтэй. Гэхдээ өөрийгөө буюу холбоотнуудаа хамгаалахад хүрвэл Хойд Солонгосыг бүрэн устгахаас өөр аргагүй. Пуужинтай эр өөрийн болон дэглэмийнхээ амийг хорлох үйлдэл хийж байна” гэжээ.

Олон улсын ажиглагчид үүнийг НҮБ-ын гишүүн улс нөгөөгөө устгахаар заналхийлсэн хэрэг боллоо гэж байгаа бол өрнөдийн олонх орны төлөөлөгч дэмжсэнгүй. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун савыг нь хоосон буцаасангүй Трампыг “мэдрэлийн хийтэй зөнөг” хэмээн доромжилсон бол түүний Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Пхеньян Номхон далайд устөрөгчийн бөмбөг тэсэлж магадгүй хэмээн дахиад заналхийлжээ. Тэрбээр Дональд Трампыг тус улсад дайн зарлалаа хэмээн буруутгаад Пхеньян Солонгосын хойг дээгүүр нислэг хийж буй АНУ-ын онгоцуудыг буудан унагаж магадгүй хэмээн анхааруулав.

Шинжээчид энэ байдлыг хоёр янзаар үнэлж буй. Нэгдүгээрт, Пхеньян “Америк тэгж л байдаг юм яав л гэж” гэсэн хэнэггүй байдалд хүрч, цөмийн туршилтаа зогсоохоос татгалзаж магадгүй. Нөгөө талаас АНУ-ын Ерөнхийлөгч хэт хатуу мэдэгдэл хийснээ хэрэгжүүлэхгүй бол нэр төрөө алдахаас эмээн цэргийн арга хэмжээ авах хувилбарыг сонгох эрсдэл бий. Нэгэнт дайн эхэлбэл дэлхийн хүчирхэг гүрнүүд нэг дор байрладаг Солонгосын хойгт юу болж, ямар үр дагаварт хүрэхийг таахад бэрх. Өөрөөр хэлбэл, “Миний хэл миний дайсан” гэдэг үлгэрээр улстөрчид үгийнхээ урхинд бүү орчихоосой гэсэн түгшүүр шинжээчдийн тайлбараас ажиглагдаж байна.

Трампын жиргээ neurotic буюу хийрхүү зан чанартайг нь илрүүлсэн юм

Ноён Трампыг ялахад нийгмийн сүлжээ ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бол Цагаан ордонд ирсэн хойно нь твиттер дэх түүний үгс заримдаа зөрчил үүсгэж эхэлсэн. Австралийн эрдэмтэд Трампын жиргээний талаар судалгаа явуулжээ. Тэрбээр 2009 онд анх твиттерт бүртгүүлснээс хойш энэ оны тавдугаар сар хүртэл өдөрт дунджаар 12 пост буюу нийтдээ 35000 орчим жиргээ бичсэн байна. Мөн хугацаанд 30 сая дагагчтай болсон нь улстөрчдийн дундаас Ерөнхийлөгч асан Барак Обамагийн дараа хоёрдугаарт орж байгаа юм.

Эрдэмтэд тусгай программын тусламжтайгаар түүнийг Ерөнхийлөгч болохоос өмнөх буюу 2016 оны аравдугаар сар хүртэлх 3200 жиргээнд шинжилгээ хийжээ. “Хэл яриа нь хүний зан чанарын талаар өргөн мэдээлэл өгдөг. Хүмүүс өөрийгөө ярианы буюу бичгийн хэлээр илэрхийлдэг. Үг хэлийг шинжилснээр нийгмийн харилцаа ба байр суурь, сэтгэл хөдлөл, сэтгэхүйн хэв маяг, сэтгэцийн шинж чанар зэргийг илрүүлж болно” гэж судлаачид бичсэн байна. Тэд Трампын хэл яриаг нөлөө бүхий 105 хүмүүсийнхтэй харьцуулсны дотор Amazon-ы Жон Безос, SpaceX-ын Илон Маск нарын зэрэг алдартай бизнесменүүд багтжээ.

Судлаачдын тогтоосноор ноён Трамп пумпитер маягийн хувь хүн аж. Америкийн эдийн засагч Жозеф Шумпитерийн нэрээр нэрлэгдсэн энэ хэв шинж нь амжилттай бизнесменийг тодорхойлдог агаад шинэ зүйлд эрмэлздэг, өөрийн хүчинд итгэлтэй, эрсдэл хийх чадвартай, бие даасан байдлаа мэдэрдэг гэх мэт зан чанарыг багтаана. Харин ийм хүнд оюун ухааны өндөр хөгжил шаардлагагүй бөгөөд шийдвэр гаргах үйл явцыг нь хойш татдаг гэнэ. Трампын хувьд шинэ зүйлийг эрэлхийлэх нь бусдаас илүү байсан гэнэ. Үүнээс гадна Трампын жиргээ neurotic буюу хийрхүү хүн болохыг нь илрүүлсэн аж. Энэ нь сэтгэцийн тогтворгүй байдал, өөрийгөө хянах чадварын асуудлыг харуулдаг.

Судлаачдын энэхүү дүгнэлтийг дээр өгүүлсэн мэдэгдлүүдтэй холбон тайлбарлавал онц гайхаад байх зүйлгүй. Гэхдээ өнөөгийн дэлхий ертөнцийн хувь заяанд хамгийн том үүрэг гүйцэтгэдэг их гүрний удирдагчийн хувьд л анхаарал татаад байгаа юм. Ялангуяа нэг хэсэгт нь өмөг түшиг, нөгөөд нь дайсан сөргөлдөгч болдог улсын удирдагчийн тогтворгүй үзэл бодол, хайхрамжгүй үг яриа олон улсад мөн тийм байдал үүсгэхийн хамт улстөрчдийн үг ярианы чансааг бууруулж буйг шинжээчид хэлж байгааг үгүйсгэх аргагүй.

Ц.Улам-Ундрах

 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47731
0 эможи
keyboard_arrow_up