Хар арьст Бразилчууд цагаан арьстнуудаасаа бага ЦАЛИНТАЙ
Бразилийн хамгийн баян зургаан хүн тус улсын нийт хүн амын тал хувийнх нь хөрөнгөтэй тэнцэхүйц хэмжээний хөрөнгө эзэмшиж байгааг Их Британийн “Оксфам” төрийн бус байгууллага мэдэгдлээ.
Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр уг судалгааны тайланд “Архи, ундаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай-Би Инбев” компанийн захирал Карлос Альберто Сикупира, “Сафра” банкны тэргүүн Жозеф Сафра, “Фэйсбүүк” компанийг үндэслэгчдийн нэг бөгөөд алдартай хөрөнгө оруулагч Эдуардо Саверин нарын зургаан хүний хөрөнгө Бразилийн 100 сая иргэний хөрөнгөтэй тэнцэх хэмжээтэй байна” гэжээ.
Мөн тус улсын хүн амын ердөө таван хувь нь үлдсэн 95 хувьд хамаарах хүн амын хөрөнгөтэй тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгөтэй байгааг уг судалгаагаар тогтоосон байна. Бразилд баян, ядуугийн ялгаа улам бүр өргөжин тэлсээр байна. Хар арьст Бразилчуудынх цагаан арьстнуудынхаас бага, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийнхээс бага цалинтай байна. Бразил нь эрх тэгш бус байдлаараа Латин Америкт дээрээсээ гуравдугаарт буюу Колумб болон Гондурасын дараа ордог байна. “Оксфам” ТББ-ын төлөөлөгч Катя Майя “Бразилд хамгийн тулгамдсан асуудал нь эрх тэгш бус байдал. Тус улсад баян, ядуугийн ялгаа хүлээн зөвшөөрөхийн аргагүй хэмжээнд хүрээд байна гэж” ярьжээ.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН