А.Меркель 4 дэх удаагаа Германы канцлераар ажиллах нь тодорхой боллоо
Ням гарагт болсон парламентын сонгуульд ялах нь үндсэндээ тодорхой болсноо Германы Канцлер Ангела Меркель зарласныг “Ройтерс” агентлаг уламжилжээ.
Тэрбээр хэлэхдээ “Манай нам ирэх дөрвөн жилд парламентад хамгийн том хүчин болж, ард иргэд надад дахин канцлераар ажиллах боломж олгоно гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.
Орон нутгийн цагаар ням гарагийн оройн 06:00 цагт санал авах байрууд хаалгаа барьснаар саналын хуудсуудыг шууд тоолж эхэлсэн байна.
Үндэсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах болон дүрвэгчдийн асуудал нь энэ сонгуулийн гол сэдэв байлаа.
Германы нэгэн телевизийн мэдэгдсэнээр, А.Меркелийн Христосын ардчилсан холбоо нам 33.5 хувийн саналаар энэ сонгуульд тэргүүлсэн бол зүүний төвч үзэлт Социал-демократ нам 21 хувийн саналаар хоёрдугаарт оржээ.
Социал-демократ намын дарга Мартин Шульц эрх баригч эвсэлд нэгдэх бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Социал-демократ нам нь өмнө нь эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байсан юм. М.Шульц өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Манай нам хамгийн том сөрөг хүчин болно” гэжээ.
Ингэснээр А.Меркель жижиг намуудтай эвсэл байгуулахаар болж байна.
Сонгуулийн дүнг орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө албан ёсоор зарлах ажээ.AA