Рекс Тиллерсон: БНАСАУ-ын асуудлыг энхийн замаар шийдэхийг эрмэлзэж байгаа ч цэргийн хүч ашиглахад бэлэн
АНУ БНАСАУ-ын асуудлыг энхийн замаар шийдэхийг эрмэлзэж байгаа ч дипломат хүчин чармайлт бүтэлгүйтсэн үед цэргийн хүч ашиглахад бэлэн байгаа гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдлээ.
Мөн тэрбээр "Солонгосын хойгийн асуудлыг намжаахад бүсийн холбоотнуудаас гадна олон улсын оролцоо чухал" гэдгийг онцолж байна. Рекс Тиллерсон “БНАСАУ-ын бурангуй дэглэмийн эсрэг бид бүсийн холбоотнууд болох БНСУ болон Японыг түшиглэнэ. Бид өөрсдийн үнэ цэнийг хамгаалж, аюулгүй байдлаа хангахын тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлтэй хамтарч, олон улсын нэгдмэл байдлыг бий болгоно. Хэдий тийм боловч БНАСАУ-ын асуудал олон улсад заналхийлж байна. Тиймээс үүний эсрэг бүх улс үндэстнүүд нэгдэх хэрэгтэй” гэж мэдэгдлээ.
Ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй утсаар холбогдож, БНАСАУ-ын асуудлыг хэлэлцлээ. Үр дүнд нь талууд Пхеньяны эсрэг үзүүлэх шахалтаа чангатгах дээр санал нэгдсэн байна. Үүнээс гадна энэ долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хэлэлцүүлэг албан ёсоор эхэлж байна. Энэ жил хэлэлцэх асуудлуудын тэргүүн эгнээнд Солонгосын хойгийн асуудал бичигдэж байгаа юм. Ерөнхий Ассамблейн чуулган нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд тангараг өргөх ёслолоос нь хойших анхны олон улсын чанартай томоохон үйл явдалд тооцогдож байна. Тиймээс НҮБ-ын талаар хэд хэдэн удаа шүүмжлэлт байр суурь илэрхийлж байсан Дональд Трамп энэ удаад олон улсын асуудлаар, ялангуяа БНАСАУ-ын талаар ямар мэдэгдэл хийх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм.









