Ангела Меркель: Цахилгаан хөдөлгүүрт автомашинууд технологийн шинэ үеийг эхлүүлж байна
Пүрэв гарагт ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель “Frankfurt Motor Show”-ийн нээлтийн ёслолын үеэр “Автомашин үйлдвэрлэлийн салбар Германы эдийн засагт чухал нөлөөтэй” гэдгийг онцолжээ.
Мөн тэрбээр "Аль болох хурдан хугацаанд салбарынхаа итгэлийг сэргээх"-ийг автомашин үйлдвэрлэгчдэд хандан уриалсан байна. Учир нь хоёр жилийн өмнө “Volkswagen”-ийн асуудлын улмаас автомашин үйлдвэрлэлийн салбар, ялангуяа Германы томоохон экспортлогчид хямралд өртсөн юм. Үүгээр ч зогсохгүй Ангела Меркель авто шоуны үеэр танилцуулагдаж буй хосолмол болон бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашинууд технологийн шинэ эрин үеийг эхлүүлж байгааг дурдлаа.
Германы Парламентын сонгууль болоход 10 хүрэхгүй өдөр үлдээд байгаа энэ үед дизель хөдөлгүүрийн хорт хий ялгаруулалтын асуудлыг шийдвэрлэх нь түүний кампанит ажлын гол амлалтуудын нэг болоод байгаа юм.