Владимир Путин БНАСАУ-ын эсрэг шахалт үзүүлэхийг эсэргүүцэв

2017 оны 9 сарын 08

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Владивосток хотод үргэлжилж буй Дорнын эдийн засгийн форумд БНАСАУ-ын эсрэг шахалт үзүүлэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр "Дональд Трампын засаг захиргаа Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм.

Arslan.mn

Түүнчлэн "БНАСАУ-ын хөрш орнуудыг асуудалд тайван хандаж, дайны нөхцөл байдалд хүргэх үйлдэл хийх болон цэргийн сургуулилт явуулахаас татгалзах"-ыг уриалжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Миний бодлоор дайны уур амьсгалтайгаар эсрэг байр суурь илэрхийлэх нь ямар ч тодорхой үр дүнд хүргэхгүй. Одоо өрнөж буй бүх үйл явдал мэдээж хэрэг БНАСАУ-ын өдөөн хатгалга. Тус улс нөхцөл байдлыг хурцатгах үйлдэл хийж байна. Хэдий тийм боловч бид тэдний хийж буй үйлдлийг даган дуурайж, нөхцөл байдлыг тэдний гарт даатгаж болохгүй. АНУ-ын засаг захиргаа БНАСАУ-ын асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт миний бие найдаж байна" гэж мэдэгдлээ.

Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Олон улсын хамтын нийгэмлэг БНАСАУ-д боломжит байдлаар шахалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлжээ. Шинзо Абэ "БНАСАУ дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд эрсдэл учруулж байна. Тиймээс бид түргэн хугацаанд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж, тус улсыг цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахад хүргэх ёстой. Өөрөөр хэлбэл Олон улсын хамтын нийгэмлэг нэгдмэл байр суурьтай байж, БНАСАУ-д илүү их шахалт үзүүлэх хэрэгтэй. Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд Пхеньян заналхийлэл учруулахыг бид хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн онцоллоо.

Үүнээс гадна "Хэрвээ БНАСАУ Зүүн Хойд Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны ололт амжилтыг олж харж чадвал цөмийн зэвсэггүйгээр хөгжих боломжтой гэдгийг ухаарна" гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин мэдэгдсэн байна. Мун Жэ Ин "Умардын өдөөн хатгасан үйлдэл зөвхөн Солонгосын хойгоор хязгаарлагдахгүй Зүүн Хойд Азийн энх тайванд аюул заналхийлэл учруулж байна. ОХУ БНАСАУ-ын эсрэг тавих хориг арга хэмжээ авах асуудалд идэвхтэй оролцож буйд миний бие талархаж байгаа. Зүүн Хойд Азийн орнуудын хамтын ажиллагаа Алс Дорнодод хөгжил цэцэглэлт бий болгоод зогсохгүй, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Тус улс цөмийн хөтөлбөрийн хөгжүүлэлтээсээ түргэн хугацаанд татгалзаж, олон улсын хамтын нийгэмлэгт эргэн нэгдэнэ гэдэгт миний бие найдаж байна" хэмээн мэдэгдэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46790
1 эможи
keyboard_arrow_up