“Samsung”-ийн өв залгамжлагч И Жэ Ёнд таван жилийн хорих ял оноолоо
“Samsung”-ийн өв залгамжлагч И Жэ Ёнд БНСУ-ын шүүхээс таван жилийн хорих ял оноолоо. Гурван хүний бүрэлдэхүүнтэй Сөүлийн дүүргийн шүүх түүнийг авлига болон хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгаж ийнхүү ял оноосон байна. Хэдийгээр прокуроруудын зүгээс И Жэ Ёнд 12 жилийн ял хүлээлгэх хүсэлтэй байсан ч ял нь харьцангуй хөнгөн байгаа нь олны анхаарлыг татаж байна.
И Жэ Ёнд хүлээлгэх хариуцлага ямар байх нь Ерөнхийлөгч Мун Жэ Инийн хэрэгжүүлэхээр амласан “чеболь”-уудын шинэчлэл ямар байхыг шийднэ гэж шинжээчид үзэж байна. Мөн ийнхүү хорих ял хүлээснээр тэрбээр “Samsung”-ийн удирдах албан тушаалд эргэн ирж чадах нь эргэлзээтэй болж байна. И Жэ Ёнд Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн ойрын найз гэгдэх Чой Сун Силд 36 сая ам.доллар буюу 41 тэрбум воны хахууль өгсөн гэж буруутгаж байгаа юм.