БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Цагаан ордонд зочиллоо
БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Цагаан ордонд зочилж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх хоёр өдрийн айлчлалаа эхлүүллээ. Ийнхүү хоёр улсын Төрийн тэргүүн нар тангаргаа өргөснөөс хойш анх удаа уулзаж байна. Цагаан ордонд хамтдаа оройн зоог барих үед Дональд Трамп БНАСАУ-ын цөмийн аюул заналхийлэл болон худалдаа зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ гэдгээ илэрхийлжээ. Уулзалтаар талууд БНАСАУ-ын асуудлаар нэг байр суурьт хүрч, бодлогын зөрүүтэй байдлаа арилгахыг зорьж байгаа юм.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин айлчлалынхаа хүрээнд Конгресс болон Сенатын тэргүүлэх гишүүдтэй уулзсан байна. Тэрбээр БНАСАУ-ын цөмийн аюул заналхийллийг шийдвэрлэнэ гэсэн байр суурьтай байгаагаа АНУ-ын талд дахин батлан харуулахыг зорьж байгаа юм. Үүнээс өмнө АНУ-ын Худалдааны танхимд зочлох үедээ тэрбээр БНСУ болон АНУ-ын холбоотны харилцааг сайшаагаад, цаашид тус улстай худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.