Агаарын бохирдолтой тэмцэх “Ой хот”-ыг байгуулахаар болжээ
Агаарын бохирдолтой тэмцэх томоохон бүтээн байгуулалт бүхий ногоон хотыг байгуулах ажлыг Хятад улс эхлүүлжээ. Италийн архитектурын алдарт “Stefano Boeri Architetti” компани энэхүү төслийг Гуанши мужийн Люжоу хотноо хэрэгжүүлж эхлээд байна.
Хот байгуулалтын ирээдүйд асар том дэвшлийг авчирч буй уг хот нь сэргээгдэх эрчим хүчээр өөрийгөө хангаад зогсохгүй нэг сая ширхэг ургамал ногоо, 40 мянга орчим мод бүхий ногоон хүрээлэнгээрээ ойр орчмын нутгийг цэвэр агаараар хангаж, жилдээ 10 мянган тонн нүүрстөрөгчийн исэл, 57 тонн бохирдлыг цэвэрлэх аж.
Люжиан голын дагуу Хойд Люжоу хотын хэсэгт Люжоугийн хотын захиргааны хот төлөвлөлтийн газраас 175 га газарт хэрэгжүүлж буй “Ой хот” нь амжилттай хэрэгжвэл дэлхий дахинаа ногоон хотын үлгэр жишээ загвар хот болж чадах юм.
30 мянган оршин суугчид зориулсан барилга байгууламжуудыг хүрээлэн 100 гаруй нэр төрлийн нэг сая ургамал, 40 мянган мод нь ойролцоогоор 900 тонн хүчилтөрөгчөөр хангах боломжтой аж. “Stefano Boeri Architetti”-ийн Милан хотноо хэрэгжүүлсэн “Босоо ой” цамхгийн нэгэн адил ногоон фасадаар барилгуудын гадна талыг чимэх юм.
Ногоон хот нь төв Люжоу хоттой хурдны галт тэргийн шугамаар холбогдох гэнэ. Газрын гүний дулаан, нарны эрчим хүчээр цахилгаан, дулааны хэрэгцээгээ бүрэн хангах уг хот нь оршин суугчдын хороолол, худалдаа олон нийтийн үйлчилгээний хэсэг, амралт зугаалгын хэсэг, хоёр сургууль, эмнэлэг зэргээс бүрдэнэ. Төсөл 2020 он гэхэд бүрэн хэрэгжиж дуусах юм.