70 жилийн түүхэн дэх анхны ЭМЭГТЭЙ сайд
БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин сөрөг хүчнийхээ намын эсэргүүцлийг үл харгалзан Гадаад хэргийн сайдын албан тушаалд Кан Гён Хваг томилжээ. Тэр тус улсын Гадаад хэргийн яамны 70 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй сайдаар тодорсон нь энэ юм.
Туршлагатай дипломатч
Кан Гён Хва нь Сөүлийн Ёнсе хувийн сургуулийг улс төр судлаач, дипломатын мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Хожим нь Америкийн Массачусетийн их сургуульд олон нийтийн харилцаа холбоо мэргэжлээр магистрын зэрэг, соёлын харилцаа холбоо мэргэжлээр докторын зэргийг тус тус хамгаалжээ.
Тэрбээр БНСУ-ын олон нийтийн радио, телевизийн компани “Korean Broadcasting System”-ээс ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь АНУ болон БНСУ-ын их дээд сургуулиудад багшилж байв.
1998-2001 онд БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны яаманд олон улсын байгууллагыг хариуцсан газрын захирал /Тухайн үед захирлын албан тушаал хашиж байсан хоёрдох эмэгтэй хүнээр тодорсон/
2001-2005 онд НҮБ дэх БНСУ-ын байнгын төлөөлөгч, эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын асуудал эрхэлсэн комиссын төлөөлөгч
2006 оны есдүгээр сараас НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар /Кофи Аннан түүнийг энэ албан тушаалд томилсон/
2013 оны гуравдугаар сараас НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн зохицуулагчийн орлогч
2016 оны арван хоёрдугаар сараас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутьерресагийн улс төрийн асуудал хариуцсан тусгай зөвлөхөөр тус тус ажиллаж байв.
Ёс зүйн асуудал
БНСУ-ын Гадаад хэргийн сайдын албан тушаалд Кан Гён Хва нэр дэвшиж буйг зарлах үед засгийн эрх барьж буй Ардчилсан нам засгийн газрын кабинетыг бэхжүүлэх болон энэ сарын 29-30-ны хооронд Вашингтон хотод болох АНУ-БНСУ-ын хоёр талын дээд хэмжээний уулзалт болоход маш богино хугацаа үлдээд буйг сануулсан юм.
Харин сөрөг хүчний намын зүгээс Ерөнхийлөгч Мун Жэ Инийг төр засагт монополчлол тогтоож, харилцаа холбоогүй ажиллаж байгаад буруутгажээ. Сөрөг хүчний гурван нам парламентын 299 мандатын 167 мандатыг эзэмшиж, олонхийн байр суурьтай байгаа юм.
Тэд Гадаад хэргийн шинээр томилогдож буй сайдыг хэд хэдэн үндэслэлээр буруутгаад байна. Үүнд:
-
Кан Гён Хва нь охиноо Америкийн сургуульд сургахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж буруутгав. Гэхдээ энэ асуудлыг Хөх Ордон өмнө нь дэлгэж байсан бөгөөд Кюнг-ва Канг ард түмнээсээ уулчлалт гуйж байсан удаатай.
-
Сөрөг хүчний намын дургүйцлийг хүргэж байгаа өөр нэг асуудал бол Кан Гён Хвагийн охины иргэншил аж. Кан Гён Хва нөхөр, гурван хүүхэдтэй. Түүний охин америкийн иргэншилтэй юм байна. Энэ асуудалд Кан Гён Хва “Миний охин америкийн иргэншлээсээ татгалзаж болно” гэж ярьж байжээ.
-
Үүнээс гадна Кан Гён Хваг татвараас зайлсхийсэн, эрүүл мэндийн даатгалыг өөр зорилгоор ашигласан зэргээр буруутгаж байгаа ч сөрөг хүчин шинэхэн сайдыг яагаад ч буулгаж чадахгүй байгаа юм.
Ерөнхийлөгч Мун Жэ Ин Гадаад хэргийн сайдыг албан тушаалд нь томилох үедээ удахгүй Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалт, АНУ-БНСУ-ын хоёр талт уулзалтыг харгалзан үзээд Гадаад хэргийн сайдын суудлыг эзэнгүй орхиж болохгүй байна гэсэн мэдэгдэл хийсэн аж.
Харин парламент Ерөнхийлөгчийн томилсон сайдыг татан буулгах эрхгүй. Гэхдээ тэд Ерөнхийлөгч Мун Жэ Инд улс төрийн шахалт үзүүлэх, санаачилгыг нь олонхоороо хүч түрэн унагах эрхтэй юм. Сөрөг хүчний намынхан Засгийн газрын томилгоо болон төсвийн тодотголын асуудалд Ерөнхийлөгчтэйгөө санал нэгдэхгүй байгаа гэдгээ илэрхийлсэн билээ.
Төрийн чухал асуудал
Кан Гён Хва Гадаад хэргийн сайдын албан тушаалд томилогдсон даруйдаа хүндхэн асуудалтай нүүр тулж байна. Тэрбээр Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэхийн тулд хориг арга хэмжээ, шахалт, яриа хэлэлцээний замаар төрөл бүрийн арга хэмжээ авна гэв. Хэрвээ Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзана гэдгээ маш тодорхой илэрхийлвэл яриа хэлэлцээний ширээний ард сууж болох юм гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ, “Japan Times” сонин Кюнг-ва Канг 2015 онд батлагдсан Солонгос-Японы гэрээг эргэн харахад бэлэн байгаа тухай мэдээлжээ. Тус гэрээ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы армийн бэлгийн боолчлолд өртөж байсан солонгос эмэгтэйчүүдийн асуудлыг хөндсөн юм. Гэрээний нөхцөлийн дагуу Япон улс ойролцоогоор есөн сая ам.долларыг хохирогчдод төлсөн.
Кан Гён Хва нь олон жилийн туршлагатай дипломат хүн гэдэг утгаараа өнөө цаг бүх асуудалд шийдэл олж чадах хүн гэж Мун Жэ Ин харж байгаа юм байна. Солонгосын Японтой байгуулсан гэрээг эргэн харах асуудал Мун Жэ Ины сонгуулийн компанит ажлын үеэр хөндөгдөж байсан юм.