Ангела Меркель: Болгарыг Европын Холбооны валютын нэгдсэн системд ороход дэмжлэг үзүүлнэ
Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов Франц болон Германд албан айлчлал хийлээ. Энэ үеэр Германы Канцлер Ангела Меркель болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Болгарыг Европын Холбооны валютын нэгдсэн системд ороход дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. Хэдийгээр Болгар улс 10 жилийн өмнө Европын Холбоонд элссэн ч тус холбооны хамгийн буурай хөгжилтэй оронд тооцогдож байна. Иймээс Ерөнхий сайд Бойко Борисов Болгарын левийг еврогоор солих асуудлыг гол зорилтоо болгон ажиллаж байгаа юм. Мөн Болгар улс Европын Холбооны валютын нэгдсэн системд орох эхний шаардлагуудаа аль хэдийн хангаад байгааг албаныхан мэдээлжээ. BREXIT-ийн асуудлаас гадна европт популист улс төрчид газар авснаар Европын Холбоонд нэгдмэл байдал хамгийн чухал болоод байгаа юм. Иймээс Болгарыг визгүй зорчих Шенгений бүсэд багтааж, Европын Холбооны гишүүнчлэлийг батжуулахад туслахаа Эммануэль Макрон мэдэгджээ.
bloomberegtv.mn