Зөөврийн компьютерийн хоригийг тэлж магадгүй
Нисэх онгоцонд зөөврийн компьютер авч орох, тээвэрлэхийг олон улсын бүх нислэгтээ хориглоход бэлэн гэдгээ АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яамны дээд албаны төлөөлөгч Жон Келли хэлбээ. Тэрбээр “Fox News”-ийн өглөөний хөтөлбөрт оролцохдоо АНУ-ын онгоцыг сөнөөх терроризмын аюул заналхийлэл ойрхон байгааг онцолсон байна.
Тус улс энэ оны гуравдугаар сараас исламын шашинт найман улсын нислэгт ухаалаг утаснаас өөр том дэлгэцтэй аливаа төхөөрөмжтэй зорчихыг хориглосон. Хэдийгээр Европын холбоо, АНУ-ын хооронд үйлдэж буй нислэгт уг хориг үйлчлэхгүйг албаныхан 14 хоногийн өмнө хэлж байсан ч Манчестерийн халдлагын дараа хяналтаа чангатгаж эхэлжээ. Их Британи мөн зургаан улсын нислэгт АНУ-тай адил хориг тавиад буй. Агаарын тээврийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар дээрх төхөөрөмжүүдийн литийн батерейг тэсэлж, дэлбэлэх, гал гаргах зориулалтаар ашиглах эрсдэл өндөр аж.