БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Засгийн газрын гишүүдээ томилж эхлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Сангийн сайд болон Засгийн газрын бусад гол албан тушаалтнуудыг ням гарагт томилсон байна. Тэрбээр "Ajou" их сургуулийн Ерөнхийлөгч Ким Дун Ёнийг Сангийн сайд болон Ерөнхий сайдын орлогчид нэр дэвшүүлсэн байна. Ким Дун Ён нь Сангийн дэд сайд болон Засгийн газрын бодлого тодорхойлох ахлах албан тушаалыг хашиж байсан улс төр болон эдийн засгийн салбарт туршлагатай улс төрч гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдэлд дурджээ. Ингэснээр тэрбээр Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг огцруулсны дараа үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэхэд шинэ Ерөнхийлөгчийн Засгийн газарт голлох үүрэг гүйцэтгэхээр болж байгаа юм. Үүнээс гадна Ерөнхийлөгч Мун Жэ Ин бодлого тодорхойлох шинэ албан тушаалд "Korea" их сургуулийн профессор Жан Ха Суныг томилжээ. Жан Ха Сун корпорацийн засаглалын тэгш бус байдлын асуудалд бие даасан судалгаа хийж байсан учраас “чебол”-ууд буюу гэр бүлийн эзэмшлийн групп компаниудад баримтлах бодлогыг шинэчлэхэд анхаарал хандуулна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдэлд дурджээ.
Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Гадаад хэргийн сайдад Кан Гён Хуаг нэр дэвшүүлсэн байна. Кан Гён Хуа НҮБ-д бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн аж. Хэрвээ түүнийг энэ албан тушаалд баталгаажуулбал, тэрбээр БНСУ-ын Гадаад хэргийн яамны 70 жилийн түүхэнд анхны эмэгтэй сайд болох юм. Энэ нь Засгийн газрын сайд нарыг томилоход хүйсийн тэгш байдлыг хангана гэж Мун Жэ Иний кампанит ажлынхаа үеэр амлаж байсан амлалтуудын нэг хэсэг биеллээ олж байна гэж улс төр судлаачид үзэж байна.
Сангийн болон Гадаад хэргийн сайд нарыг томилох асуудлыг Үндэсний ассамблейгаар хэлэлцэх боловч заавал баталгаажуулах шаардлагагүй гэж албаныхан мэдэгджээ.