ПАК ГЫН ХЭ-гийн ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

2017 оны 5 сарын 23

Дотны найз болон туслахууд нь нэр холбогдсон авлигын дуулиан шуугиантай холбоотойгоор албан тушаалаасаа огцорсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг шүүх хурал өнөө өглөө Сөүл хотод эхэллээ.

Хөх цэнхэр өнгийн костюм өмссөн, гартаа гавтай Пакийг засан хүмүүжүүлэх газрын ажилтнууд Сөүл хотын Төв дүүргийн шүүхэд авчирсан байна. Гуравдугаар сарын 31-нд цагдан хорих төвд хоригдсоноосоо хойш тэрбээр олон нийтэд анх удаагаа харагдаж байгаа нь энэ юм.

Гуравдугаар сарын 10-нд Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулсан билээ. Авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, бусдад дарамт шахалт үзүүлсэн, засгийн газрын нууц мэдээллүүдийг задруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хуулийн 18 зүйл ангиар түүнд өнгөрсөн сард яллах дүгнэлт үйлдсэн.

Пак бол авлигын дуулиан шуугиантай холбоотойгоор шүүгдэж байгаа Өмнөд Солонгосын гурав дахь ерөнхийлөгч аж. 1996-1997 онд Ерөнхийлөгч Ро Дэ У, Чон Ду Хван нар шүүгдэж байжээ.

Өнгөрсөн сарын 17-нд Пакт яллах дүгнэлт үйлдсэнээс хойших цагдан хорих зургаан сарын хугацаа дуусахаас өмнө шүүх шийдвэрээ гаргах төлөвтэй байна. Өмнөд Солонгост авлигын хэрэгт оноодог ялын дээд хэмжээ бол бүх насаар нь хорих ял юм.

Пак Гын Хэг шүүх хурал дараагийн удаад энэ долоо хоногийн пүрэв гарагт болно. Шүүх нотлох баримтуудыг нягталж, гэрчүүдээс мэдүүлэг авахын тулд долоо хоногт 2-3 удаа шүүх хурал хийхээр төлөвлөжээ.

Пакийг огцруулсантай холбоотойгоор Өмнөд Солонгост энэ сарын эхээр ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болсон билээ. Сонгуульд 2012 онд түүнд ялагдаж байсан Мүн Жэ Ин ялсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43739
0 эможи
keyboard_arrow_up