Владимир Путин: АНУ-ын тагнуулын алба цахим халдлага хийх сэдэл төрүүлсэн байж болзошгүй
АНУ-ын холбооны систем олон улсын цахим халдлагад өртөөгүй талаар Дональд Трампын Дотоодын аюулгүй байдлын зөвлөх Том Боссерт мэдэгдлээ. Түүний мэдээлснээр АНУ-ын Засгийн газар цахим халдлагуудыг анхааралтай ажигласаар байгаа юм. Баасан гарагт болсон цахим халдлагад ойролцоогоор 150 улсын 300 мянга гаруй компьютер өртсөн байна. Цахим халдлага нь эмнэлгийн байгууллага, компаниуд болон Засгийн газрын агентлагуудыг гол байгаараа онилсон талаар АНУ-ын Цахим аюулгүй байдлын албаныхан мэдээллээ. Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагаас хулгайд алдсан сүлжээ, техникийн тусламжтай үйлдсэн гэгдэж буй цахим халдлагын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "АНУ-ын тагнуулын алба цахим халдлага хийх сэдлийг төрүүлсэн байж болзошгүй" гэж тус улсыг шүүмжилсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Microsoft цахим халдлагатай холбоотой эх сурвалжийн талаар мэдэгдэл хийсэн. Вирусийн анхдагч эх сурвалж нь АНУ-ын тагнуулын албатай холбоотой байж болзошгүй гэж тэд мэдэгдээд байгаа. Харин ОХУ үүнд ямар нэгэн байдлаар оролцоогүй. Вирусийг бүтээсэн хүмүүс өөрсдөө хор хохирлыг нь амсах болно. Тийм учраас энэ асуудлыг хойшлуулалгүйгээр, үүнээс хамгаалахын тулд улс төрийн түвшинд авч үзэх ёстой" гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба цахим халдлагад өртөж болзошгүй талаарх сануулгыг Засгийн газар анхааралдаа аваагүй гэсэн шүүмжлэл гараад байсан ч тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй энэ шүүмжлэлийг няцаасан байна. Тэрбээр эрүүл мэндийн албаныханд анхааруулга өгсөн талаар онцолжээ.
Харин Японы засгийн газар болзошгүй цахим халдлагын талаар сэрэмжлүүлэг өгч байгаа талаар мэдэгдлээ. Японы Кабинетын нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга "Олон улс орныг хамарсан цахим халдлагатай холбоотойгоор Засгийн газраас Цахим аюулгүй байдлын төв болон холбогдох байгууллагуудаар дамжуулан болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлсэн. Үүнээс гадна бид үүнтэй холбоотой мэдээлэл цуглуулах арга хэмжээг авч байгаа. Бид дотоод нөхцөл байдлыг үл харгалзан мэдээлэл цуглуулах болно. Хэдий тийм боловч бид нөхцөл байдал илүү том асуудал үүсгэхгүй талаарх мэдээллийг авсан. Одоогоор “Hitachi” компанид бүртгэгдээд байгаа" гэж мэдэгджээ.