Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мун Жэй Ин
БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ авилга, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2017 оны гуравдугаар сард албан тушаалаасаа огцорч, улмаар шүүхэд байцаагдаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус улсад ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг хоёр сарын өмнө зарласан.
Өчигдөр Өмнөд Солонгос улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар өглөөний 07 цагт эхэлж, 20 цагт дууслаа.
Нийт саналын хуудасны 80 хувийг тоолсны дараах байдлаар, өдгөө 64 настай Мүн Жэ Ин сонгогчдын 41.1 хувийн буюу 13.4 сая сонгогчийн санал авчээ.
Харин консерватив үзэл баримтлалтай Солонгосын эрх чөлөөний намаас нэр дэвшсэн Хон Жүн Пё 25.5 хувийн санал авсан бол төвч үзэл баримтлалтай Ардын намаас нэр дэвшигч Ан Чол Су 21.4 хувийн санал авсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй 42.4 сая хүнээс 32.8 сая нь энэ удаагийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцжээ. Энэ нь сүүлийн 20 жилийн хугацаанд сонгогчдын ирц хамгийн өндөр байсан үзүүлэлт юм.
Мун Жэй Ин нь өмнө сөрөг хүчний удирдагч байсан, харин одоо бол эрх баригч “Тобуро” намын тэргүүн. Хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгч нь өнөөдөр БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 2012 онд тэрбээр Пак Гын Хэтэй өрсөлдөж сонгогчдын 48 хувийн саналаар ялагдсан. 48 хувь гэдэг бол өндөр үзүүлэлт.
Мун Жэй Ин нь 2000-аад оны эхээр Ерөнхийлөгч Ким Дэ Жуны үед Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Ким Дэ Жун нь Хойд Солонгосын талаар “Нарны гэрэл” бодлогыг хэрэгжүүлсэн. Энэ үе нь Хойд, Өмнөдийн харилцаа дээд зэргийн найрсаг болсон бөгөөд хойдууд өмнөдийнхний тусламжийг талархан хүлээн авдаг үе байсан. Мөн энэ үеэр хоёр Солонгосын эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон Кэсоны аж үйлдвэрийн цогцолбор баригдан ашиглалтад орж байсан юм.
Түүнчлэн тэрбээр 2007-2008 оны хооронд Ерөнхийлөгч Но Му Хён Тамгын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай улс төрч билээ.