Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Эммануэль Макрон яллаа
Франц улсын Ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт болж, Эммануэль Макрон ялалт байгууллаа. Ерөнхийлөгчийн сонгуульд Эммануэль Макрон 66 хувийн санал, Марин Ле Пен 34 хувийн санал авсан байна. Ийнхүү 39 настай Эммануэль Макрон Франц улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч болох аж.
Мөн тэрбээр 1958 оноос хойших Францын томоохон хоёр намаас бус харин өөр намаас сонгогдсон анхны Ерөнхийлөгч болж байгаагаараа түүхэнд бичигдэж байгаа юм. Тэрбээр сонгуулийн санал хураалтын дараа хэлсэн үгэндээ Франц улсад ирээдүйд тулгарах сорилтуудын талаар дурдсан байна. Либерал, төвийг баримтлагч Эммануэль Макрон нь Европын Холбоог дэмжигч бөгөөд "En Marche" намыг өнгөрсөн оны наймдугаар сард байгуулсан юм. Түүний баримталж буй гол бодлогуудаас дурдвал Төрийн албаны ажлын байрыг 120 мянгаар бууруулж, Төрийн албаны зардлыг 60 тэрбум еврогоор танах ажээ. Мөн ажилгүйдлийн түвшнийг долоон хувиас доогуур байлгана гэсэн юм. Түүнчлэн Хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамгаалах тухай амлаад байна. Мөн Европын Холбоотой нягт хамтран ажиллаж, олон улсын интеграчлалыг бэхжүүлэх бодлоготой байгаа ажээ. Үүнээс гадна Францын аюулгүй байдлыг хамгаалахын тулд тагнуулын албаны үйл ажиллагааг шинэчилж, цахим халдлагыг зогсооход зохих арга хэмжээг авах болно гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Европын Холбоог дэмжигч Эммануэль Макроныг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан дүн гарсны дараа еврогийн ам.доллартай харьцах ханш 0.2 хувиар чангарсан байна. Энэ нь түүнийг Ерөнхийлөгч болох байх гэсэн хөрөнгө оруулагчдын таамаг баттай байсантай холбоотой юм. Тэрбээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулж, бизнесийг дэмжих бодлого баримталж байгаа нь урт хугацааны турш хойшлогдоод байсан хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, Францын зах зээлийг тэлэх хандлагатай байна.