Дональд Трамп: Бид түүхэнд хамгийн том татварын шинэчлэл хийхийг зорьж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “2008 оны санхүүгийн хямралын дараа тогтоосон банкны салбарын эрх зүйн зохицуулалтыг эргүүлэн сэргээнэ“ гэж мэдэгдлээ. Мөн "Dodd Frank"-ийн тогтоол эрсдэл дагуулж буйг дурдаад, Засгийн газар энэхүү тогтоолыг шинэчлэхээр ажиллаж байгаа талаар байр сууриа илэрхийлсэн байна. "Bloomberg" телевизэд өгсөн ярилцлагадаа ч "Wall Street"-ийн банкнуудыг задлан, хямралын үеийн хуулийг эргүүлэн сэргээж, харилцагчийн болон хөрөнгө оруулалтын банкийг салангид байдлаар авч үзэх хэрэгтэй гэдгийг дурдсан юм. Үүгээр ч зогсохгүй дэд бүтцийн салбарыг санхүүжүүлэлтийг дэмжихэд улсынхаа түлшний татварыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаагаа мэдэгдсэн юм. Дональд Трамп "Бид түүхэн дэх хамгийн том татварын шинэчлэл хийхийг зорьж байгаа. Тийм учраас татварыг их хэмжээгээр бууруулна. Манай Засгийн газар та бүхэнтэй хамтран ажиллаж, америкчуудыг санхүүгийн мөрөөдөлдөө хүрэхэд туслах болно. Тиймээс бид банкны салбарын хуулийн зохицуулалтыг өөрчилж, урамшууллыг эргүүлэн олгоно. Ингэснээр та бүхний бизнесийн үйл ажиллагаа улс орон даяар хөгжин цэцэглэх болно" хэмээн онцолсон байна.
Үүнээс гадна АНУ-ын Төрийн тэргүүн "Хэрвээ нөхцөл байдал таатай байвал хурцадмал байдлыг нэмэгдүүлж буй БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаар уулзана" гэж “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан байна. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр БНАСАУ цөмийн зэвсэг болон баллистик пуужингаасаа татгалзах алхам хийсэн тохиолдолд АНУ Ким Чен Уны дэглэмтэй хэлэлцээ хийнэ гэдгээ илэрхийлээд байгаа юм.