Гүнжийн хөрөгтэй 50 еврогийн шинэ дэвсгэрт өнөөдрөөс гарч байна
Европод хамгийн өргөн хэрэглэгддэг дэвсгэрт болох 50 еврог өнөөдөр шинэ дизайнтай зах зээлд гаргаж байна.
Гүйлгээнд байгаа бүх дэвсгэртийн тал хувь нь болдог, бас хамгийн их хуурамчаар үйлдэгддэг 50 еврогийн дэвсгэртийн нууцлалд Европын Төв Банк ихээхэн анхаарал хандуулжээ.
Энэ дэвсгэртэд уламжлалт нууцлалын таних тэмдгүүдийг оруулж өгснөөс гадна цоо шинэ нэг таних тэмдэг нэмсэн нь эртний Грекийн домогт гардаг Финикийн гүнж Европагийн холограм хөрөг юм. Түүний нэрээр Европ тивийг нэрлэсэн байдаг.
Мөн 50 еврогийн шинэ дэвсгэртийг гэрэлд харвал Европа гүнжийн хөрөг тодорч харагддаг. Хүний хөргийг хуурамч дэвсгэртээс хамгаалахад ашиглах санааг сэтгэл судлаачид гаргасан байна.
Европын Төв Банк энэ ажилд Стэнфордын Их сургуулийн сэтгэл судлаач Дэвид Иглмэнтэй хамтарч ажиллажээ. Иглмэн нууцлалын олон боломжуудыг энгийн хүн төдийлөн анзаардаггүй тул хүмүүс хамгийн амархан мэдрэх аргыг нэвтрүүлэх санаа гаргасан нь хүний хөрөг юм байна.
Хүмүүс хүний хөрөг зургийг маш сайн анзаардаг төдийгүй царайны багахан өөрчлөлтийг сайн мэдэрдэг ажээ.
Ингээд ямар хүний хөргийг дэвсгэрт дээр байрлуулахыг хэлэлцээд Европ тивийн нэрийг өгөхөд хүргэсэн домгийн гүнж, Зевсийн амраг Европагийн хөргийг залахаар болсон байна.
Үүнээс гадна Иглмэн өөр хоёр санаа гаргасан ч дэмжлэг аваагүй гэнэ. Нэг нь тэр бүх еврогийн дэвсгэртийг ижил хэмжээтэй болгохыг санал болгосон байна. Учир нь бүгд ижил хэмжээтэй бол хэрэглэж байгаа хүмүүс нь дэвсгэртийг хэдэн еврогийнх болохыг илүү анзаарч, анхаарал тавьдаг болно. Ингэснээр хуурамч дэвсгэртээс сэргийлэх болно гэж судлаач үзжээ.
Гэвч энэ нь зардал өндөртэй, Европ даяар бэлэн мөнгөний машинуудыг солиход хүргэхээр байжээ.
Сүүлийн санал нь хэт зоримог шийдэл. Иглмэн дэвсгэртийг ямар ч дүрслэл, хээгүй, цав цагаан цаас болгох санаа гаргасан байна. Голд нь ганц л холограм дүрс байх юм. Ингэсэн тохиолдолд хуурамчаар үйлдэхэд хэцүү, ялгааг нь хүмүүс амархан мэдрэнэ гэж тооцжээ. Гэвч мөнгөн дэвсгэрт дээрх урлагийн дүрслэлээр улс орнууд уралддаг соёлтой өнөөгийн ертөнцөд энэ нь хэтэрхий эрс шийдэл тул Европын Төв Банк татгалзсан байна.
Эх сурвалж: Quartz