Гурван улсын цэргийн сургуулилалт эхэллээ
АНУ, Өмнөд Солонгос, Япон улсын хамтарсан цэргийн сургуулилалт өчигдөр буюу гуравдугаар сарын 13-ны Даваа гаригт эхэллээ. Хойд Солонгосын зүгээс удаа дараа пуужин харваж байгаагаас үүдэн пуужингаас хамгаалах зайлшгүй нөхцөл байдал үүссэн учраас энэхүү хамтарсан сургуулилалтыг хийж байгаа хэмээн Өмнөд Солонгосын Ионхап агентлаг мэдээллээ.
Гурван улсын цэргийн сургуулилалт ердөө гурав хоног үргэлжилж энэ сарын 15-нд дуусах боловч АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилалт энэ сарын 24 хүртэл үргэлжлэх юм.
Сургуулилалтад Өмнөд Солонгосын зүгээс пуужингийн сэрэмжлүүлэг өгөх Aegis төхөөрөмжөөр тоноглогдсон мина тээгч хөлөг онгоц, АНУ-ын мина тээгч Curtis Wilbur хөлөг онгоц, Японы зүгээс Kirishima онгоцууд оролцож байна.