Пак Гын Хе Хөх ордныг орхилоо
БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн шүүхийн шийдвэрийн дараа буюу өнгөрсөн ням гаригт тус улсын ерөнхийлөгч асан Пак Гын Хе Хөх ордныг албан ёсоор орхисон талаар Британийн "The Independent" сонин мэдээлжээ. Ерөнхийлөгчийн ордны төлөөлөгчийн мэдээлснээр, тэрбээр Хөх ордныг орхисон даруй гэрийн зүг явсан байна.
Пак Гын Хе-г огцруулах шийдвэр гаргасныг эсэргүүцэн Сөүлд эсэргүүцлийн жагсаал болж, энэ үеэр хоёр солонгос амиа алдсан талаар өмнө нь мэдээлсэн. Гэвч “Assoсiated press” агентлагийн мэдээлснээр, тус жагсаалын үеэр 30 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Тэдний дунд жагсагчдаас гадна цагдаагийн албан хаагчид ч байсан аж.
Өнөөдрийн байдлаар Пак Гын Хе-г албан тушаалаас нь огцруулсантай холбогдуулан төрийн байгууллагуудын хананд өлгөсөн түүний хөрөг зургуудыг буулгаж эхэлжээ.
БНСУ-ын хувьд тухайн үеийн Ерөнхийлөгчид хүндэтггэл үзүүлэх зорилгоор тэдний зургийг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Батлан Хамгаалах яамны байрны хананд өлгөдөг байна. Дээрх төрийн байгууллагуудын хурлын танхимд өлгөдөг Ерөнхийлөгчийн зургийн өргөн нь 48 см, урт нь 60 см бол өөр бусад өрөөнд түүнээс жижиг хэмжээтэй буюу өргөн нь 35 см, урт нь 42 см зураг өлгөдөг ажээ.
Эдүгээ Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг Ерөнхий сайд Хуанг Ан Гю орлон гүйцэтгэж буй юм. Ирэх тавдугаар сард сонгогдох шинэ Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл, дээрх төрийн байгууллагын хананд зураг өлгөхгүй ажээ.
Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 9-ний өдрөөс өмнө зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна. Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гарснаас хойш 60 хоногийн дотор сонгууль зохион байгуулах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга, чөлөөт байдлаар зохион байгуулахаа тус улсын Сонгуулийн хорооны дарга Ким Ён-док мэдэгджээ.
Одоо болох Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд Ардчилсан намын дарга байсан Мун Жэ Ин өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна. Тэрээр өнгөрсөн сонгуулиар Ерөнхийлөгчид сөрөг хүчнээс нэр дэвшээд Пак Кын Хед тун багахан саналаар ялагдсан юм.
Түүний араас нэр хүндээрээ Чхунчхон-Намдо сужийн амбан захирагч Ан Хи Чжон, Соннам хотын дарга Ли Чжэ Мён, “Ардын нам”-аас Ан Чхоль Су нар Төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөж мэдээлэл бий аж.
Өмнөд Солонгост мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй хүмүүсийн дунд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Муны нэрийг дурдаж байна.
Өмнөд Солонгосын парламент үүний өмнө 2004 онд тэр үеийн ерөнхийлөгч Но Му Хёны бүрэн эрхийг түдгэлзүүлж байсан ч Үндсэн хуулийн шүүх бүрэн эрхийг нь сэргээжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ