Трамп, Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө сонголоо
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын хамгийн чухал албуудын нэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө дэслэгч генерал Херберт Рэймонд МакМастерыг сонгосон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч өчигдөр Флорида муж улсын Палм-Бич хот дахь хувийн амралтын газартаа сэтгүүлчдийг хүлээн авч, МакМастерыг танилцуулсан байна.
МакМастер олон жил Афганистан улсад алба хааж, терроризмтой тэмцэх ажиллагааг удирджээ. Тэрбээр хэвлэлийнхэнд “Үндэсний аюулгүй байдлын төлөө бүхий л боломжоо ашиглах болно” гэж хэллээ.
Трамп хоёр долоо хоногийн өмнө ОХУ-ын удирдлагуудад буруу дохио өгсөн гэгдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флиннийг албан тушаалаас нь огцруулсан юм.
Флинн Ерөнхийлөгчийнхөө зөвшөөрөлгүйгээр ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Сергей Кисляктай уулзсан байна. Тэрбээр уг уулзалтын үеэр “ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо цуцлах гэж байгаа” хэмээжээ.
Трамп өнгөрсөн амралтын өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр Тэнгисийн цэргийн хүчний чөлөөнд байгаа дэд адмирал Роберт Харуордыг томилох шийдвэр гаргасан ч Харуорд уг саналаас татгалзсан юм.