Марк Зукерберг: Дэлхий улам нягтрах ёстой
Даяарчлалаас татгалзах хандлага дэлхий нийтээр ажиглагдаж байгаад санаа зовинож буйгаа Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг илэрхийлжээ. Мөн тэрбээр хуурамч мэдээлэл тараагчидтай тэмцэх болно гэдгээ BBC агентлагийн сэтгүүлчид хэлжээ.
“Хүмүүс ирээдүйдээ итгэл алдарч, хуурамч мэдээллийн дунд амьдарч байна. Хүмүүс өөрсдийгөө даяарчлалын золиос болсон гэж бодож байна. Тиймээс нэгдмэл цул байдлаас зугатааж бие даасан байдал руу тэмүүлж байна” хэмээн өнөөгийн байдлыг тодорхойлжээ.
Гэхдээ ийм байдлыг зүгээр хараад сууж болохгүй, нийгмийн шинэ дэд бүтцийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаагаа Зукерберг хэлжээ.
“Анх Facebook-ийг үүсгэж байх үед дэлхийг хооронд нь холбох боломжгүй мэт санагдаж байсан, харин он жил өнгөрөх тусам хүмүүс өөрсдөө үүнийг хүсч байгаа санагдсан. Гэхдээ энэ даяарших үйл явц зарим хүнийг тойргийн гадна үлдээсэн, тэр хүмүүсээс л ерөнхий чиг хандлагаас сондгойрох байдал гарч байна. Дэлхий нийт цаашид улам нягтрах ёстой юу гэж надаас асуувал би “тийм” гэж хариулна” хэмээн Зукерберг сэтгүүлч Камал Ахмедод ярьжээ.
Улс орны удирдлага, том корпорациуд даяарчлалын үр шимийг зөвхөн хэдэн хүн биш бүх хүн хүртдэг байх талаар бодох ёстой тэр үзэж байна.
“Одоо бидний өмнө тулгараад байгаа олон асуудал глобал шинжтэй байна. Цаг уур, орчны өөрчлөлт, терроризм, дүрвэгсэд, улс орны иргэний дайн гээд бүгд глобал шинжтэй. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд өнөөг хүртэл явж ирсэн уламжлалт биш арай өөр түвшний бүтцийг шаардаж байна” хэмээн дэлхийн хамгийн глобал сүлжээг үүсгэгч үзэж байна.
Ерөнхийлөгч Трампын байр суурийг хуваалцаж байгаа эсэх талаарх асуултад хариулахаас Зукерберг бултсан байна. Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараахан мэдээллийн технологийн гигант компаниудын удирдлагатай уулзсан бөгөөд тэрхүү уулзалтад Зукерберг очоогүй юм.
Илүү ойлголцол бий болгохын тулд хүмүүс ямар нэг эерэг зүйл хийх ёстой гэж үздэгээ Зукерберг хэлсэн байна. Тэрбээр өөрийн компанийн хувьцааны 99 хувь буюу 45 тэрбум ам.долларыг эхнэр Присцилла Чанын толгойлдог буяны санд хандивласнаа дурсчээ. “Миний энэ сайн санааны үйлс бусад хүмүүст үлгэр дууриал болог” хэмээн тэр хэлжээ.