Фэйсбүүкээрээ дамжуулан аюулд орсноо мэдэгдэж, тусламж авах боломжтой болжээ
Фэйсбүүк цахим сүлжээ “Safety check” тохиргоондоо нэмэлт шинэчлэлт хийж, “Community Help” буюу аюулд орсон хүнд туслах, тусламж авах шинэ цэс нэмлээ.
Ингэснээр та ямар нэг аюулд өртсөн тохиолдолд түүнийгээ фэйсбүүкээрээ мэдэгдэж, бусдаас тусламж авах боломжтой болсон байна.
Тохиргоог хэрхэн ашиглах вэ?
Доор харуулсан зурагт нэгэн эмэгтэй хөршүүд нь үерээс дайжиж нүүж байгааг бичсэн байна. Түүний гэр бүл ч мөн маргааш гэхэд нүүхээр төлөвлөж байгаагаа дурдаад, найзуудыгаа анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа анхаарахыг сануулсан байна.
Таныг ийнхүү фэйсбүүкдээ бичсэний дараа “Let Friends Know You’re Safe” буюу найз нартаа аюулгүй байгаа эсэхээ мэдэгдэх хэсэг дэлгэцний дээд хэсэгт гарч ирнэ. Аюулгүй байгаа эсэхээ бусдад мэдэгдэхийн тулд “Go to Safety Check” хэсэг рүү нэвтрэн “Tell friends You’re Safe” /Найзууддаа аюулгүй байгаагаа хэлэх/ хэсэгт дарна.
Уг тохиргоо ихэвчлэн үер усны гамшиг, газар хөдлөлт, цасан шуурга зэрэг байгалийн аюулт үзэгдлийн үед идэвхиждэг бөгөөд хол байгаа гэр бүл, хамаатан садандаа өөрийгөө аюулгүй байгааг, эсвэл аюулд орж, тусламж шаардлагатай байгаагаа дуулгахад ихээхэн ач холбогдолтой зүйл болж байна.
Хэрвээ танд тусламж хэрэгтэй байгаа бол “Find Help” хэсэгт дарж, ямар тусламж шаардлагатай байгаагаа сонгон идэвхижүүлнэ. Ингэснээр бусад хүмүүс танд тухайн зүйлээр туслах боломжтой болох юм. Тухайлбал,
- Хоол хүнс
- Ус
- Тээврийн хэрэгсэл
- Хүүхдэд хэрэгтэй эд зүйлс
- Тавиур, шүүгээ
- Тоног төхөөрөмж
- Хувцас, даавуу эдлэл, Ариун цэврийн хэрэгсэл
- Амьтдад шаардлагатай зүйлс зэрэг юу ч байж болно.
Харин тухайн байгалийн гамшиг болж буй хэсэгт та байхгүй бол “Энэ хэсэгт би байхгүй” хэмээн дарснаар өөрийгөө аюулгүй гэдгийг гэр бүл, танилууддаа мэдэгдэх боломжтой.
Та тусламж хүсэгч бус аюулд өртсөн хэн нэгэнд тусалж мөн болно. Танд эрсдэлд орсон фэйсбүүк хэрэглэгчээс мэдээлэл ирэх бөгөөд, өөрийн тусалж чадах ямар ч зүйлээр оролцох боломжтой юм байна.
Фэйсбүүк компани “Safety check” буюу аюулд орсон эсэхийг шалгах тохиргоог 2015 онд нэвтрүүлсэн. Харин аюулд өртсөн нэгэнд туслах шинэ тохиргоо бүхий “Community Help”-ийг тус компанийн дэд захирал Наоми Глейт өчигдөр танилцууллаа. Гэхдээ тус тохиргоо одоогоор зөвхөн АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Саудын Араб зэрэг улсад идэвхжсэн байгаа бөгөөд ойрын хугацаанд бусад олон улсад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.